Эдийн засгийн шинжлэх ухаан

Эдийн засгийн шинжлэх ухаан нь эдийн засаг судалдаг шинжлэх ухаан юм. Эдийн засаг нь бараа болон үйлчилгээний хэрэглээ, хуваарилалт, үйлдвэрлэлийн талаар түлхүү судалдаг “нийгмийн” шинжлэх ухаан юм. Эдийн засгийн шинжлэх ухаан нь эдийн засгийн агентуудын зан төлөв хийгээд тэдний оршин буй эдийн засгийн орчин хэрхэн ажилладаг талаар авч үздэг. Микро эдийн засаг нь хувь агентууд, зах зээл хоорондын хариу үйлдэл, хариу үйлдлийн үр дүн зэрэг эдийн засгийн анхдагч нэгжүүдийн үйл хөдлөлд илүү анхаарлаа хандуулдаг. Хувь агентууд гэдэгт өрх, үйлдэрлэгч, худалдан авагч, худалдагч зэрэг нэгжүүдийг хамааруулан ойлгож болно. Харин Макро эдийн засаг нь нийт эдийн засаг (нийт үйлдвэрлэл, хэрэглээ, хуримтлал, хөрөнгө оруулалт), түүнд нөлөөлж буй хүчин зүйлс болох нөөцүүдийн хүрэлцээт байдал (хөдөлмөр, капитал ба газар), инфляци, эдийн засгийн өсөлт болон эдгээрийг хэрэгжүүлэх шаардагатай нийгмийн бодлогын (мөнгөний бодлого, төсвийн бодлого болон бусад) талаар судалдаг. Эдийн засгийн шинжлэх ухаан гэх нэр томьёо нь анх 19 дүгээр зуунд Алфред Маршаллын “Улс төрийн эдийн засаг” гэх ойлголтоос үүдэн гарсан байдаг. Тэрхүү цаг үеэс эхлэн эдийн засгийн шинжлэх ухаан гэх ойлголт нь илүү түгээмэл хэрэглэгдэх болсон бөгөөд математикийн арга хэрэгслийг түлхүү ашиглах болсон нь эдийн засаг гэдэг тусдаа шинжлэх ухаан болон хүлээн зөвшөөрөгдөх, улс төрийн шинжлэх ухаан болон бусад шинжлэх ухаануудаас тусдаа зарчимтай гэдгийг хүлээн зөвшөөрөх анхны суурь тавигдсан байна. Эдийн засгийн шинжлэх ухааны туйлын зорилго нь хүмүүсийн өдөр тутмын амьдралын нөхцөл байдлыг сайжруулахад оршдог. Эдийн засгийн судалгаа, шинжилгээ нь нийгэм, бизнес, санхүү, эрүүл мэнд , засгийн газар гэх мэт сувгуудаар ихэвчлэн дамжиж хэрэгждэг боловч гэмт хэрэг, боловсрол, гэр бүл, хууль, улс төр, шашин шүтлэг, нийгмийн институциуд, дайн, шинжлэх ухаан болон хүрээлэн буй орчин зэрэг илүү өргөн хүрээний сувгуудаар ч дамжин хэрэгждэг байна.

Тодорхойлолтууд

Орчин үед эдийн засгийн шинжлэх ухааны талаар ялгаатай тодорхойлолтууд бий болсоор байна: Шотландын философич Адам Смит улс төрийн эдийн засгийг тодорхойлохдоо “Байгалийн баялагийн эрэлт хэрэгцээ ба улс үндэстнүүдийн баялагийн шалтгаан” гэсэн ба илүү дэлгэрэнгүй тодорхойлбол: Улс төрч болон хууль санаачлагчид элбэг орлого олох эсвэл иргэдийг амь зуулгах замаар нийтийн бараагаар дамжин нийтийн баялагийг хангах шинжлэх ухааны салбар юм.

Микро эдийн засаг

Зах зээлийн хэлбэрүүд

Микро эдийн засгийн шинжлэх ухаан нь зах зээлд оролцож буй нэгжүүд нийлж хэрхэн зах зээлийн бүтцийг бүрдүүлж байгаа, мөн тэдний хариу үйлдлийн дүнд зах зээлийн систем хэрхэн бүрэлдэж буйг судалдаг. Тэдгээр нэгжүүд нь хувийн болон төрийн хэвшлүүд байдаг бөгөөд бараа бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээгээр дамжин зах зээлд оролцдог байна. Төрийн хэвшлийн хувьд нийтийн бараа, төрийн үйлчилгээ зэрэг арга хэрэгслүүдийг ашиглана. Нийтийн бараа гэдэгт нийт хүн амд эерэг дам нөлөө үзүүлдэг, нэмэлт нэгж хэрэглээнээс гарах ахиуц зардал нь тэгтэй тэнцүү байх гэх мэт байж болно. Онолын хувьд чөлөөт зах зээл дээр хүмүүсийн үүсгэж буй нийт бараа бүтээгдэхүүний эрэлт нь үйлдвэрлэгчийн талаас нийлүүлж буй нийт бараа бүтээгдэхүүний хэмжээтэй үнийн нөлөөгөөр дамжин тэнцэх ёстой байдаг боловч бодит байдал дээр тэнцвэрт хүрэхэд зарим төрлийн саадууд учирдаг ба уг саадаас үүдэн үр ашигтай тэнцвэр тогтохгүй байх тохиолдол байдаг. Жишээлбэл эрүүл мэндийн үйлчилгээ гадны нөлөөллөөс болж хязгаарлагдмал байдалд орвол тухайн үйлчилгээг авах хэрэгцээтэй боловч төлбөрийн чадвар бага хэрэглэгчдэд үйлчилгээ тэнцвэрт түвшний үнээр хүрэх боломжгүй болох юм. Зах зээлийн олон төрлүүд байдаг. Үүн дотроос төгс өрсөлдөөнт зах зээлийн хувьд зах зээлд оролцогчид ижил төрлийн бараа нийлүүлэх учир үнээр дамжин зах зээлд эзлэх хэмжээндээ нөлөөлж чадахгүй. Өөрөөр хэлбэл оролцогч бүр үнийг хүлээн авагч байх бөгөөд ямар нэгэн байдлаар үнэд нөлөөлж чадахгүй гэсэн үг юм. Харин бодит амьдрал дээр ихэнх зах зээлүүд төгс бус өрсөлдөөнт байдаг. Төгс бус өрсөлдөөнт зах зээлийн хувьд Монополь (зөвхөн нэг нийлүүлэгчтэй зах зээл), дуополь (зөвхөн хоёр нийлүүлэгчтэй зах зээл), олигополь (цөөн тооны нийлүүлэгчтэй зах зээл), монопольт өрсөлдөөнт (олон нийлүүлэгчтэй байх боловч бүтээгдэхүүний ялгаварлал өндөр), монопсон (тухайн бүтээгдэхүүнийг худалдан авдаг зөвхөн ганц хэрэглэгчтэй), олигопсон (тухайн бүтээгдэхүүнийг худалдан авдаг цөөн тооны хэрэглэгчтэй). Төгс өрсөлдөөнт зах зээлтэй харьцуулахад төгс бус өрсөлдөөнт зах зээл дээр үйлдвэрлэгчдийн эзлэх хэмжээ харилцан адилгүй тархаагдсан байдаг. Төгс бус өрсөлдөөнт зах зээлийн үйлдвэрлэгчид зах зээлд эзлэх хэмжээгээрээ дамжуулан бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх боломжтой байдаг байна. Микро эдийн засаг нь зөвхөн тухайн нэг зах зээлийн талаар судалдаг бөгөөд тухайн үйл явцыг илүү хялбар, ойлгомжтой тайлбарлахын тулд бусад зах зээлүүдийн нөлөөг тэг гэж үздэг. Энэхүү шинжилгээний арга нь хэсэгчилсэн тэнцвэрийн загвар (эрэлт нийлүүлэлтийн хууль) гэж нэрлэгддэг байна. Харин ерөнхий тэнцвэрийн загвар нь бүх зах зээлийн харилцан хамаарлыг судалдаг буюу зах зээлүүдийн хариу үйлдлүүд, тэдгээрийн тэнцвэрийг хамтад нь авч үздэг.

Үйлдвэрлэл, зардал, үр ашигтай байдал

Микро эдийн засагт үйлдвэрлэл гэдэг нь орцыг гарц болгон хувиргах үйл явцыг хэлдэг. Өөрөөр хэлбэл орцыг худалдах эсвэл шууд хэрэглэх зорилгоор бараа эсвэл үйлчилгээ болгон хувиргаж буй процесс юм. Алдагдсан боломжийн өртөг гэдэг нь тухайн нэгж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд зарцуулсан эдийн засгийн зардлын хамгийн үр ашигтай байж болох байсан хэмжээг хэлнэ. Өөрөөр хэлбэл сонголт нь хоёул зэрэг орших боломжгүй үйл явц дундаас бий болдог үр дүн юм. Учир нь сонголт гэдэг нь ховор хомс байдал болон сонголт хоёрын харилцан хамаарлаар илэрдэг. Жишээлбэл хэрэв талхчин өглөө бүр нэг уут гурилаар талх хийдэг бол тэрхүү уут гурилаар болон тэр өглөөний цагт бялуу хийх боломжоо алдаж байгаа хэрэг. Энэ бүгдээс үзэхэд алдагдсан боломжийн өртөг гэдэг нь үр ашигтай зарцуулагдсан ховор хомс нөөцийн илүү их эвсэл илүү бага үр ашигтай зарцуулагдаж болох байсан хувилбарт харьцуулсан хэмжээг хэлдэг. Алдагдсан боломжийн өртөг нь нягтлан бодох бүртгэлийн зардал эсвэл санхүүгийн зардал гэх мэт зардлуудтай адил хэмжигддэггүй бөгөөд харин бий болох боломжтой байсан боловч үйлдвэрлэгдээгүй бүтээгдэхүүний бодит өртөг эсвэл өөр илүү үр ашигтай хувилбарт зарцуулах байсан зардлын хэмжээтэй харьцуулагдаж хэмжигддэг. Үйлдвэрлэлийн анхан хүчин зүйлст хөдөлмөр, капитал, газар зэрэг ордог бол эцсийн бүтээгдэхүүн болох үйл явцад зуучлах гэх мэт хүчин зүйлсүүд нэмэгддэг. Үйлдвэрлэлийн боломжийн муруй: энэхүү муруй нь нөөцийн хүрэлцээт байдал, зардал, үр ашгийн хамаарлыг харуулдаг. Зөвхөн буудай болон торго гэсэн хоёр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг энгийн зах зээлийг авч үзвэл үйлдвэрлэлийн боломжийн муруй нь хязгаарлагдмал нөөц болон боломжит технологийг ашиглан энэ хоёр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж болох боломжит хувилбаруудыг харуулна. Үйлдвэрлэлийн муруйн захын цэг бүр нь тухайн хоёр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж болох потенциал хэмжээг харуулдаг. Харин нөөцийн хязгаарлагдмал хэмжээг үйлдвэрлэлийн муруйн гадна орших Х цэг харуулна. Үйлдвэрлэлийн муруй дээрх хоёр бүтээгдэхүүн урвуу хамааралтай байгаагийн шалтгаан нь тухайн нэг бүтээгдэхүүнээс нь нэгжийг нэмж үйлдвэрлэхэд нөгөө бүтээгдэхүүнээс тодорхой нэгжийг үйлдвэрлэх боломжтой байсан нөөцийг авах шаардлагатай болдогтой холбоотой юм.

Давуу тал

Давуу тал гэх ойлголт нь эдийн засгийн үр ашигт хамгийн чухал ойлголт юм. ялгаатай хувь хүн, улс орнууд нь хөдөлмөрийн зардал эсвэл хөдөлмөр капиталын ялгаатай харьцаанаас үүдэн тухайн нэг ижил бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх бодит өртөг нь ялгаатай байдаг. Эдийн засгийн онолд тусгаснаар үүнийг харьцангуй давуу талын онол гэдэг бөгөөд энэхүү онол нь тухайн нэг бүтээгдэхүүнийг хамгийн үр ашигтай бөгөөд хямд зардлаар үйлдвэрлэх боломжтой болохыг харуулдаг байна. Хэдий тухайн улс ямар нэгэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд бусад бүтээгдэхүүнээс хамгийн бага зардал зарцуулдаг эсвэл тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх түүхий эд хангалттай байдаг ч бусад улсуудтай харьцуулахад хамгийн бага зардлаар үйлдвэрлэж чадаж байна уу гэдгийг харьцуулж үзэх шаардлагатай. Хэрэв тийм биш бол худалдаа хийх замаар ашиг хонжоо олох буюу өөрийн харьцангуй давуу талтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж нөгөөг нь худалдаж авах замаар үр ашигтай тэнцвэрт хүрэх боломжтой байдаг.

Эрэлт ба нийлүүлэлт

Үнэ болон тоо хэмжээ нь зах зээлд худалдаалагдаж буй бүтээгдэхүүний талаар авч болох хамгийн хялбар бөгөөд чухал мэдээллүүд болдог. Микро эдийн засагт тэнцвэрт үнэ болон тоо хэмжээ нь төгс өрсөлдөөнт зах зээлийн хувьд хэн ч үнэд нөлөөлж чадахгүй гэсэн таамаглалын дүнд тогтдог. Тухайн нэг бүтээгдэхүүний зах зээлийн хувьд эрэлт гэдэг ойлголт нь худалдан авагчийн тухайн үнээр худалдаж авахыг хүссэн бараа бүтээгдэхүүний хэмжээгээр тодорхойлогдоно. Эрэлтийн онол ёсоор худалдан авагчийг рациональ сонголт хийдэг гэж үзэх учир тухайн өгөгдсөн орлого, үнэ, таашаал зэргийн хүрээнд өөрт хамгийн их таалагдсан бүтээгдэхүүнийг сонгоно гэж үздэг. Харин эрэлтийн хууль ёсоор үнийн түвшин болон нийлүүлэлтийн хэмжээ урвуу хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл бусад хүчин зүйл тогтмол үед үнийн түвшин нэмэгдэх нь нийлүүлэлтийн хэмжээг бууруулдаг байна. Нийлүүлэлт гэдэг нь өгөгдсөн үнийн түвшинд нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүний нийлбэрийг илэрхийлнэ. Үйлдвэрлэгчид буюу пүүсийн эзэд өөрсдийн ашгаа хамгийн их байлгахыг зорьдог. Өөрөөр хэлбэл тухайн нэг бүтээгдэхүүнийг хамгийн бага зардлаар үйлдвэрлэж, хамгийн их ашиг олохуйц үнээр зарахыг зорьдог байна. Зах зээлийн тэнцвэр нь тухайн барааны эрэлт, нийлүүлэлтийн хэмжээ тэнцэхэд үүсдэг. Хэрэв үнэ тэнцвэрт түвшнээс доогуур тогтвол хомсдол үүсэх буюу эрэлттэй байгаа хэмжээ нь нийлүүлэгдэж буй хэмжээнээс их болно гэсэн үг. Харин үнэ тэнцвэрт түвшнээс дээгүүр тогтвол тэнд нийлүүлэлтийн илүүдэл үүсдэг байна. Энэхүү үйл явц нь эргээд үнэ буурах шалтгаан болж үр ашигт тэнцвэр тогтдог.

Пүүсүүд

Хүмүүс зах зээл дээр бараа бүтээгдэхүүнийг өөр хоорондоо шууд наймаалцдаггүй. Өөрөөр хэлбэл нийлүүлэлт талд пүүсүүд буюу үйлдвэрүүд ажиллаж байдаг. Хамгийн түгээмэл үйлдвэрлэлийн хэлбэрүүд нь корпораци, нөхөрлөл, хоршоо, компани зэрэг юм. Тодорхой бус байдал ба тоглоомын онол Тодорхой бус байдал нь эдийн засагт олз ба гарзын үл мэдэгдэх хэмжээг илэрхийлдэг. Хэрэв тодорхой бус байдал байхгүй байсан бол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ажилгүйдлийн тодорхой бус байдал, орлогын тодорхой бус байдал зэрэг нь нөлөөлөлгүй болох бөгөөд зах зээл дээр ямар нэгэн харилцаа холбоо үүсэхгүй юм.

Зах зээлийн гажуудал

Эдийн засагчид зах зээлийн гажуудлыг дараах үндсэн хэсгүүдэд хувааж үздэг. -Мэдээллийн тэгш бус байдал, төгс бус зах зээл зэрэг нь үр ашигт байдлыг багасгадаг хэдий ч илүү үр ашигтай байж болох боломжийг гаргаж ирдгээрээ онцлогтой. -Аргагүй монополь буюу үйлдвэрлэгчийн өөрийн хүслээр тогтоогүй зах зээлийн хэлбэр. -Нийтийн бараа нь ихэнх зах зээлүүдэд тэнцвэрт түвшнээс доогуур хэмжээнд нийлүүлэгддэг. Нийтийн барааны онцлог нь тухайн бүтээгдэхүүнийг нэг дор олон хүн хэрэглэх боломжтой байдаг. -Дам нөлөө нь тухайн үйлдвэрлэлээс үүдэн нийгэмд эерэг эсвэл сөрөг үр дагаврууд үүсэхийг хэлнэ.

Улсын сектор

Улсын сектор нь эдийн засгийн шинжлэх ухааны нэг хэсэг бөгөөд орлогыг төсөвлөж нийтийн бараа ба үйлчилгээгээр дамжин хэрэглэгчдэд нийлүүлэлт хийдэг. Неоклассик эдийн засгийн онолд төрийн оролцоог хязгаарлагдмал байх ёстой гэж үздэг бөгөөд зөвхөн ард иргэдийг хамгаалах эсвэл нийтийн барааг нийлүүлэх үүргээр зах зээлд оролцох ёстой гэж үздэг.

Макро эдийн засаг

Макро эдийн засаг нь нийт эдийн засгийг нэгэн цул гэж үзэн, нийт үзүүлэлтүүдийн хариу үйлдлийг ерөнхий тэнцвэрийн загварын дагуу судлан, шинжилдэг салбар юм. Тэрхүү үзүүлэлтүүд нь нийт орлого, нийт үйлдвэрлэл, ажилгүйдлийн түвшин, инфляци гэх мэт байдаг бөгөөд мөн нийт хэрэглээ, хөрөнгө оруулалт гэх мэт дэд үзүүлэлтүүдийг мөн агуулж байдаг. Макро эдийн засаг нь мөн мөнгөний бодлого, төсвийн бодлогын үр нөлөөг судалдаг.

Өсөлт

Өсөлтийн эдийн засаг нь тухайн эдийн засагт өсөлт, тухайн улсын нэг хүнд ногдох бүтээгдэхүүний урт хугацаан дахь өсөлтийг бий болгож буй хүчин зүйлсийн талаар судалдаг. Зарим хүчин зүйлсийн хувьд улс орнуудын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний ялгаатай түвшнүүд, зарим улс яагаад эдийн засгийн өсөлт нь илүү хурдан байдаг шалтгаан, ижил түвшний өсөлтөөр улс орнууд нэгийгээ гүйцэх боломж зэргийг судалдаг байна. Эдгээр дотроос хамгийн их судлагдсан хүчин зүйлс нь хөрөнгө оруулалтын түвшин, хүн амын өсөлт болон технологийн өөрчлөлт юм.

Бизнесийн мөчлөг

Эдийн засгийн уналтын үеүд нь макро эдийн засагт энэ үйл явдлыг судлах тусгайлсан дэд хэсгийг бий болгосон байдаг. Жишээлбэл 1930 оны дэлхийн эдийн засгийн их хямралын үеэр Жон Мэйнард Кэйнс нь өөрийн Кэйнсийн эдийн засгийн урсгалын гол зарчим, онолуудыг тусгасан “ажилгүйдлийн ерөнхий онол, зээлийн хүү болон мөнгө” гэсэн номоо хэвлүүлсэн байдаг. Кэйнсийн үзсэнээр эдийн засгийн уналтын үед бараа бүтээгдэхүүний нийт эрэлт хомс болдог бөгөөд энэ нь өндөр түвшний шаардлагагүй ажилгүйдэл болон потенциал бүтээгдэхүүний гарзыг үүсгэх шалтгаан болдог гэсэн байна. Олон зуун жилийн туршид бизнесийн мөчлөгийн мөн чанарын талаар судалдаг ялгаатай салбар судалгааны хөтөлбөрүүд бий болсон бөгөөд эдгээр нь Кэйнсизмийн үзэл санааг тусгасан эсвэл түүний эсрэг санааг дэвшүүлсэн гэх мэт олон төрөл болон хөгжжээ. Неоклассик эдийн засгийн урсгалын хувьд Кэйнсийн эдийн засгийн урсгалын санааг богино хугацаанд үнэн гэж үзсэн бөгөөд харин дунд болон урт хугацааны онолыг өөрсдийн үзэл санаанд тулгуурлан хөгжүүлсэн байдаг. Шинэ сонгодог макро эдийн засагчдын төлөөлөл бизнесийн мөчлөгийн талаар Кэйнсийн үзлээс тусдаа санааг дэвшүүлсэн бөгөөд төгс бус өрсөлдөөнтэй үеийн зах зээлээс шахан гаргах үйл явцын талаар онолыг гаргаж ирсэн. Үүнд Роберт Лукас болон бодит бизнесийн мөчлөгийн онолоор удирдуулсан Фридманы хэрэглээн дэх тогтвортой орлогын таамаглал болон рационал хүлээлтийн онол зэрэг багтах юм. Харин эсрэгээр Шинэ Кэйнсийн онолчдын хувьд рационал хүлээлтийн таамаглалыг хэвээр үлдээсэн бөгөөд харин зах зээлийн гажуудлын талаар ялгаатай таамаглалуудыг дэвшүүлсэн байдаг. Мөн түүнчлэн тэд үнэ болон цалин нь урт хугацаанд уян хатан бус бөгөөд эдийн засгийн аливаа өөрчлөлттэй уялдуулан өөрчлөх боломжгүй гэж үзсэн байна. Эндээс үзэхэд шинэ сонгодог эдийн засагчид бүрэн ажил эрхлэлттэй үед цалин болон үнийн түвшин нь автоматаар тогтдог гэж үзсэн байхад Шинэ Кэйнсийн урсгалынхны хувьд бүрэн ажил эрхлэлт нь зөвхөн урт хугацаанд л хангагдах боломжтой, тэрхүү урт хугацаа нь маш урт байдаг тул Засгийн газрын болон Төв банкны бодлого зайлшгүй шаардлагатай гэж үздэг байна.

Ажилгүйдэл

Эдийн засаг дахь ажилгүйдлийн хэмжээ нь ажилгүйдлийн түвшин гэсэн үзүүлэлтээр хэмжигддэг. Ажилгүйдлийн түвшинг нийт ажиллах хүчинд эзлэх ажилгүй иргэдийн хувиар илэрхийлнэ. Ажиллах хүч нь зөвхөн ажил идэвхитэй хайж буй мөн ажил эрхэлж буй нийт хүн амын нийлбэрээр тодорхойлогдоно. Тэтгэвэрт гарсан, суралцаж буй болон ажил хайхаас залхсан буюу ажил идэвхитэй хайхгүй байгаа хүн амыг ажиллах хүчинд оруулж тооцдоггүй. Ажилгүйдлийн сонгодог загваруудын гол санаа нь тухайн ажил олгогч нэмж нэг ажилчин авах цалингийн хэмжээ нь тэнцвэрт түвшнээс өндөр үед ажилгүйдэл үүсдэг гэж үздэг. Цалингийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ эсвэл үйлдэрчний эвлэл зэргээс шалтгаалж хэт өндөр тогтох боломжтой. Шилжилтийн ажилгүйдэл нь тухайн хүнд тохирох ажлын байр байгаа хэдий ч түүнийг хайж олоход хугацаа шаарддаг шалтгаанаас бий болдог. Бүтцийн ажилгүйдэл нь тухайн ажлын байранд шаардагдах ур чадвар болон тухайн ажилчны ур чадвар хоёрын зөрүүнээс үүсдэг. Илүү том зургаар харвал эдийн засагт ямар нэгэн технологийн шилжилт бий болох үед компаниудын ажилчдын хуучин технологитой үеийн ур чадвар нь тэрхүү технологийн шилжилтийн шаардлагатай нийцэхгүй тохиолдол үүсэх бөгөөд энэ үед томоохон хэмжээний бүтцийн ажилгүйдэл бий болдог байна. Бүтцийн болон шилжилтийн ажилгүйдлүүд нь тухайн ажилд таарах хүнийг олоход тодорхой хэмжээний цаг хугацаа шаардлагатай байдгаараа ижил төстэй боловч бүтцийн ажилгүйдэлд ур чадварын өөрчлөлт хэрэгтэй болдог тул илүү урт хугацаанд үргэлжлэх хандлагатай байдаг. Өөр нэг төрлийн ажилгүйдлийн хэлбэр нь мөчлөгийн ажилгүйдэл юм. Эдийн засгийн уналтын үед энэхүү ажилгүйдэл бий болдог. Оукены хууль нь эдийн засгийн өсөлт болон ажилгүйдлийн хоорондын эмпирик хамаарлыг томьёолсон бөгөөд 3 хувийн эдийн засгийн өсөлт нь ажилгүйдлийг 1 хувиар буулгадаг гэсэн үр дүнг гаргасан байдаг.

Инфляци ба мөнгөний бодлого

Мөнгө нь бараа бүтээгдэхүүнийг худалдан авах эцсийн төлбөрийн хэрэгсэл болдог төдийгүй аливаа тооцоо бүртгэлд үнийг илэрхийлэгч гол нэгж болж өгдөг. Мөнгө бол нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, хөрвөх чадвар хамгийн өндөр, үнэ цэнийн хувьд уялдаа холбоо хамгийн өндөр, нийлүүлэлтийн мэдрэмж өндөр, нийт нийгмийн итгэлийг хүлээсэн төлбөрийн хэрэгсэл. Тухайн улс орны эдийн засгийн хүчин чадлаас хамаарч мөнгөний бодлого, мөнгөний нийлүүлэлт ялгаатай хэлбэрээр хийгддэг. Онол ба практикийн хувьд тухайн улсын мөнгөний нийлүүлэлт нь нийт үйлдвэрлэлийн өсөлт, үнийн түвшний өсөлттэй эерэг хамаарлаар өөрчлөгдөж байдаг. Мөнгөний нийлүүлэлт нь мөнгөний бодлогын нэг гол хэрэгсэл юм.

Төсвийн бодлого

Засгийн газрын зүгээс төсвийн бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд ингэхдээ төсвийн зардал, татвар зэргийг өөрчлөх замаар нийт эрэлтэд нөлөөлдөг. Эдийн засаг дахь нийт эрэлт потенциалт үйлдвэрлэлийн түвшнээс доогуур болох үед зарим үйлдвэрлэх боломжтой байсан бүтээгдэхүүний хэмжээ орхигдож үйлдвэрлэлийн зөрүү (output gap) үүсдэг. Татварыг бууруулснаар хувь хүний хэрэглээг нэмэгдүүлэх боломжтой бөгөөд энэ нь нийт эрэлтийг өсгөх шалтгаан болж өгдөг. Татварын хөнгөлөлт, засгийн газрын зардал зэрэг нь бүгд үржүүлэгчийн нөлөөтэй бөгөөд бодлогын нөлөөнөөс үүссэн анхдагч эрэлтийн өсөлт нь зах зээлд нэмэлт өсөлтийг бий болгож байдаг. Хэрэв эдийн засагт үйлдвэрлэлийн зөрүү байхгүй бол потенциал үйлдвэрлэлийн хэмжээнд хүрэх бөгөөд илүүдэл үйлдвэрлэлийн нөөц гарахгүй.

Олон улсын эдийн засаг

Олон улсын эдийн засаг нь бараа ба үйлчилгээний улс хоорондын урсгалыг тодорхойлогч хүчин зүйлсийн талаар судалдаг. Мөн энэхүү салбар нь худалдаанаас олох ашгийн хэмжээ ба хуваарилалтыг судалдаг. Энэ чиглэлийн бодлогын шинжилгээнүүдэд тарифын хэмжээг, бүтээгдэхүүний квотыг өөрчлөх зэрэг арга техникүүдийг түлхүү ашигладаг. Олон улсын санхүү нь макро эдийн засгийн нэгэн салбар бөгөөд улс хоорондын капиталын шилжилт, түүнээс үүдсэн ханшийн өөрчлөлтийн нөлөөллийг судалдаг. Улс хоорондын бараа, үйлчилгээ, капиталын өсөн нэмэгдсэн урсгал нь урт хугацааны даяарчлал явагдахад голлон нөлөөлж байна. Ялгаатай хөгжсөн салбар болох хөгжлийн эдийн засаг нь эдийн засгийн өсөлтийг бага орлоготой орнуудын хувьд бүтцийн өөрчлөлт, ядуурал, эдийн засгийн өсөлт зэрэг талаас нь авч үздэг. Хөгжлийн эдийн засагт гарсан голлох ололт амжилтууд нь нийгэм, улс төрийн асуудлуудтай илүү холбогдсон байдаг.

Цахим холбоос

Wiktionary
Wiktionary: Эдийн засгийн шинжлэх ухаан – Энэ үгийг тайлбар толиос харна уу
Бертиль Олин

Бертиль Готтард Олин (шве. Bertil Gotthard Ohlin, * 1899 оны 4 сарын 23-нд Клиппан; † 1979 оны 8 сарын 3-нд Володален) нь Шведийн эдийн засагч, улс төрч юм. 1929-1965 онд Стокхольмын эдийн засгийн сургуулийн профессор байв. Мөн 1944-1967 онд тухайн үеийн хамгийн том сөрөг хүчин болох Шведийн Либерал Ардын Намын даргын албыг хашсан бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны сүүлийн жилүүдэд (1944-1945) тус улсын эвслийн засгийн газарт Худалдааны сайд байв. Олон улсын эдийн засгийн ухааны хамгийн үндсэн теоремуудын нэг болох Хекшер-Олины теоремыг бий болгосон бөгөөд үүгээрээ 1977 онд эдийн засгийн салбарын Нобелийн шагнал хүртсэн.

Василий Леонтьев

Василий Васильевич Леонтьев (орос. Васи́лий Васи́льевич Лео́нтьев, англ. Wassily Wassilyovich Leontief; 1906 оны 8 сарын 5-нд Германы Мюнхенд төрж, 1999 оны 2 сарын 5-нд Нью-Йоркт нас нөгчсөн) нь Орос-Америкийн эдийн засагч бөгөөд нэг эдийн засгийн салбар бусад салбартаа яаж нөлөөлдгийг судалсан судалгаагаараа алдаршсан эрдэмтэн юм. Леонтьев 1973 онд эдийн засгийн салбар дахь Нобелийн шагналыг хүртсэн. Түүний 3 шавь мөн уг шагналыг хүртжээ (Пол Самуэлсон 1970, Роберт Солов 1987, Вернон Л. Смит 2002).

Логистик

Логистик нь бараа бол хүн тээвэрлэх, агуулах, шилжүүлэx (нэг тээврийн хэрэгслээс нөгөө тээврийн хэрэгсэл шилжүүлэн ачих) зэргийг судална. Логистик нь эдийн засгийн салбараас гадна өнөөдөр бие даасан тусдаа шинжлэх ухаан болон хөгжсөн. Логистикийн салбар нь 20-р зууны сүүл буюу даяарчлалын эринээс эхлэн эрчимтэй хөгжиж ирсэн ба ихэвчлэн томоохоон тээвэрлэлтийн байгууллага болон тээвэрлэгчдээс бүрэлдэнэ.

Бизнесийн логистикийг 1964 онд анх АНУ-д тодорхойлохдоо: түүхий эд нийлүүлэлт, үйлдвэрлэлийн дамжлага, бэлэн бүтээгдэхүүний дистрибютрээр дамжин хэрэглэгчдэд хүргэх хүртэлх материалын урсгалыг зохицуулах, төлөвлөх, үүнтэй уялдаатай мэдээллийн сүлжээг төлөвлөх, хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм гэж тодорхойлсон байдаг.

Логистикийн талаар төрөл бүрийн тодорхойлолт байх ба хамгийн чухал гэж үздэг олон улсын нэр бүхий байгууллагуудын тодорхойлолтыг танилцуулбал:

International Institute Applied Systems Analyses (IIASA) 1986Логистик гэдэг нь хэрэгцээт барааг аль болох бага зардлаар бий болгон хэрэглэгчдэд хүргэх бүх үйл ажиллагааны нийлбэр юм. Өөрөөр хэлбэл түүхий эд нийлүүлэлт, хадгалалтаас эхлээд үйлдвэрлэлийн технологийн үйлдлүүдийн хооронд явагдах хагас бэлэн бүтээгдэхүүний зөөвөрлөх, баглах боох, бэлэн бүтээгдэхүүн хадгалах, хэрэглэгчдэд хүргэх бүх үйл ажилллагаа үүнд багтана.

European Logistics Association ( ELA ) 1991Шинэ бүтээгдэхүүний төлөвлөлт, түүхий эд худалдан авахаас эхэлж хэрэглэгчийн захиалгад нийцүүлэн үйлдвэрлэн нийлүүлэх бүх үйл ажиллагааг хамгийн бага зардал, хөрөнгө гарган хэрэглэгчийн бүх шаардлагыг хангасан байхаар зохион байгуулах, төлөвлөн удирдахыг хэлнэ.

Institute of Logistics 1995 EnglandЛогистик нь хүн хүч, материал, үйлдвэрийн хүчин чадал, мэдээллийг ашиглан хэрэгтэй үед нь хэрэгцээт хэмжээгээр үйлдвэрлэн, шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг тохирсон үнэ хүргэн зохистой газарт нь борлуулахад оршино.

Милтон Фридман

Милтон Фридман (англ. Milton Friedman, 1912 оны 7 сарын 31 - 2006 оны 11 сарын 16) нь Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотын уугуул, Неолибералист үзэлтэй эдийн засагч юм.

Неолиберализм

Нийгмийн хөгжлийн явцад либерал сэтгэлгээний хүрээнд янз бүрийн чиглэл тодрон гарч, үзэл баримтлал нь хувьсан өөрчлөгдсөн байна. XX зууны эхээр шинэ шинэ үзэл санаа гарч , тэдгээрийн ач холбогдол улам өсөн нэмэгдсээр дэлхийн II дайны дараа неолиберализм / шинэ либерал үзэл/-ын номлол бий болжээ.

Неолиберализм юуны өмнө төрийн нийгэм , эдийн засгийн үүргийн тухай уламжлалт либерал ойлголтыг хянан үзэж , төрийн зохицуулалтыг хүлээн зөвшөөрсөн юм. Зах зээлийн өрсөлдөөний эрх чөлөөг монополийн аливаа хэлбэрээс хамгаалах талаар төрийн зүгээс үр нөлөөтэй арга хэмжээ авахыг тухайлбал, монополын эсрэг хууль гаргаж , жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд тусламж үзүүлэхийг шаарддаг болсон.

Мөн улс орны эдийн засгийн хөгжлийн ерөнхий чиг шугамыг боловсруулан, түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн зохицуулах шинжтэй үйл ажиллагаа явуулж , хямралаас урьдчилан сэргийлэх , шинжлэх ухаан техникийн дэвшил, шинэ технологи хэрэглэх явдлыг урамшуулах зэргийг төрийн зохицуулах үүрэгт хамааруулж үзэх болов. Либерал ардчилсан үзэлтнүүд иргэдийн улс төрийн төдийгүй, нийгэм эдийн засгийн эрхийг идэвхитэй хамгаалах шаардлагатай уялдуулан эрх чөлөө, тэгш эрхийн харьцангуй тухай үзэл бодол, байр сууриа өөрчилжээ. Хэрэв урьд өмнө эрх чөлөөний тухай асуудлыг түлхүү тавьж байсан бол XIX зууны сүүлийн хагас, XX зууны эхээр микро эдийн засгийн нилээд цэгцтэй баримтлал бүрэлдсэнээр эдийн засгийн суурь ухаан, доод түвшний эдийн засаг буюу хэрэглэгч , үйлдвэрлэгчдийн үйл хөдлөл, эрэлт нийлүүлэлтийн тухай онол үндэслэл сайтай болон хөгжжээ.

Шинэ сонгодог онолчид хэрэглэгч, үйлдвэрлэгчийн үйл хөдлөл, эрэлт нийлүүлэлт, өртгийн тухай асуудалд сонгодог онолчдоос зарчмын өөр байр сууринаас хандах болсон. Учир нь сонгодог эдийн засагчдын эдийн засаг нь эрэлт нийлүүлэлтээр тодорхойлогдож , чөлөөт үнийн механизмаар зохицуулагдан аяндаа жам ёсныхоо журамд орж , үр өгөөжтэйгээр хөгждөг гэсэн үндэслэл нь амьдралаар шалгагдаж нотлогдож чадаагүйтэй холбоотой.

Сонгодог онолчид нь эдийн засаг дахь төрийн оролцоог хязгаарлаж , эдийн засгийн хөгжлийг зөвхөн ‘’нууц гарын’ зохицуулалтанд даатгаж байсан нь эцсийн дүндээ 1929-1933 оны дэлхий нийтийг хамарсан гүн гүнзгий хямралд хүргэсэн гэж дүгнэдэг. Энэ үеэс эхлэн эдийн засаг нь аяндаа жам ёсныхоо үр өгөөжтэй журамд орж хөгждөг гэсэн сонгодог онолчдын үзэл санааг шүүмжлэх оролдлогууд гарч эхэлсэн бөгөөд тэдгээрийн дотор хамгийн их амжилт олсон нь Английн эдийн засагч Дж.Кейнс байв. / 3.2. – 3.8 –р зүйлийг үз. /

Чөлөөт зах зээлийн эдийн засаг бүрэлдэн хөгжиж эхэлсэн үеэс эхлэн түүнийг дахин давтагдах хямрал, ажилгүйдэл, сүүдэр мэт дагаж байв. Энэ үед амьдарч байсан эдийн засагчид, эдийн засгийн хямрал болон ажилгүйдлийг зах зээлийн эдийн засгийн нөхцөлд зайлшгүй байх зүйл буюу түүний нэг үндсэн шинж гэж үзэж байсан буюу хүлээн зөвшөөрч байсан бол Кейнс эдийн засгийн хямрал болон ажилгүйдлүүдийг зах зээл аяндаа үгүй хийж чадахгүй ба нөгөө талаас энэ нь арилгаж болшгүй ,зайлшгүй зүй тогтол биш гэж үзэн төрийн төвлөрсөн зохицуулалтаар зээлийн хүү болон татварын системээр дамжуулан эдийн засгийн үр өгөөжтэй хөгжлийг хангаж болно гэсэн зарчмын шинэ санааг үндэслэн тавьсан юм. Түүний энэхүү үндэслэлийг эдийн засгийн шинжлэх ухаан дахь “Кейнсийн хувьсгал” хэмээн эдийн засагчид зүй ёсоор үнэлдэг .

Шинэ либералууд төрийн зүгээс хийх эдийн засгийн зохицуулалтын Кейнсийн аргыг ихэд шүтэж ирсэн бөгөөд шинэ либерализмыг Кэйнсийн онол дээр үндэслэн бий болсон үзэл баримтлал ч гэж үздэг тал бий.

Нийгэмд ажил эрхлэлт нэмэгдэхийн хирээр үндэсний орлого, түүнийг дагаад хэрэглээ өсдөг ба хэрэглээний өсөлт нь орлогынхоо өсөлтийг гүйцэж чаддаггүй. Учир нь орлого өсөхийн хирээр хүмүүсийн хадгалах сонирхол нь түрүүлдэг ба энэ хадгаламжийг ихэсгэн хэрэглээг харьцангуйгаар багасгахад хүргэдэг гэж үзэж , энэ зүй тогтлоо сэтгэл зүйн үндсэн хууль гэж нэрлэжээ. Хэрэглээ багасах нь эргэлтийг шууд багасгахад хүргэх ба энэ нь үйлдвэрлэлийн хэмжээг бууруулж , ажилгүйдлийг ихэсгэн хямралд хүргэнэ гэсэн дүгнэлтийг хийжээ.

Нөгөө талаас хадгаламж хийх сонирхол нэмэгдэх нь капиталын нийлүүлэлтийг нэмэгдүүлж , хөрөнгө оруулалтыг ихэсгэх нь хэрэглээг багасаж буй тохиолдолд хэт үйлдвэрлэлийн хямралд орж , ажилгүйдлийг ихэсгэдэг гэж үздэг. Эндээс Кэйнс ажил эрхлэлтийн ерөнхий хэмжээ нь хүмүүсийн хэрэглэх сонирхол , хөрөнгө оруулалтын ахиуц зээлийн хүүгээр тодорхойлогдоно гэсэн үндэслэлийг гаргасан юм.

1930-аад оны хямралыг гэтлэн давах ,түүнийг дахин давтуулахгүй байх арга замыг хайж байсан өрнөдийн улс орнууд Кейнсийн онол гарч ирсний дараагаар 1940-өөд оноос эхлэн макро эдийн засгийн зохицуулалтыг эрчимтэй хийж эхэлснээр холимог эдийн засгийн тогтолцоо буй болж , эдийн засгийн хөгжил нь улам эрчимжиж ,үүнийхээ үр дүнд нийгмийн олон асуудлыг шийдэх боломжийг олж авсан байна. Ийнхүү Кейнсийн ачаар эдийн засгийн суурь ухаан нь макро эдийн засгийн цэгцтэй сургаалаар баяжин нийгмийн эдийн засгийн үйл явц , үзэгдлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлах боломжтой болж , улс төрийн эдийн засгийг зохион байгуулах онолын үндэс нь болсон ажээ.

Неолиберализын номлолд эрх тэгш байдлын тухай аядуу үзэл илрэх болсон юм.

Нийгмийн янз бүрийн бүлэг давхаргын гишүүдийн гарааны нөхцөл бололцоог тэгшитгэх зорилтыг тунхаглаад зогсохгүй энэ талаар тодорхой арга хэмжээ авах нь чухал гэж неолибералууд үздэг .

Неолиберализмын үүднээс хүн бүр өндөр боловсрол мэргэжил эзэмших , аж амьдралаа сайжруулах , нийгмийн пирамидын илүү өндөр шатанд дэвшин гарах талаар тэгш эрхтэй.

Мөн төр, нийгмийн зүгээс нийт иргэдийн нийгмийн баталгааг сайжруулах ,шаардлагатай үед тусламж үзүүлэх ёстой .

Ийм үзэл санааны үүднээс АНУ-д ерөнхийлөгч Ф.Рузвельтийн үед хүн амын ядуу, доод давхаргад туслах зэрэг нийгмийн үүргийг төр хүлээх болсон байна.

Нийгмийн программ , нийгэм - хангамжийн арга хэмжээний тусламжтайгаар неолибералууд ”Сайн сайхан амжиргааны нийгэм ” байгуулахыг тунхагладаг. Неолибералууд нийгмийн үнэт зүйлсийн тухай асуудалд их анхаарч, тэдгээрийг хэрэгжүүлэхэд зах зээлийн хуулинд тохирсон үйл ажиллагаа хэрэгтэйн зэрэгцээ , бас зах зээлийн механизмын хүрээнээс давсан зохион байгуулалттай үйлдэл чухал гэдгийг заадаг.

Неолиберализм бол либерал зарчмуудыг нийгмийн хувьсан өөрчлөгдөж буй бодит нөхцөл байдалд нийцүүлэн бүтээлчээр хэрэгжүүлэхийн төлөө үзэл баримтлал юм .

Пол Крюгман

Пол Крюгман 1953 оны 2 сарын 23-нд төрсөн. АНУ-ын эдийн засагч Принстоны их сургуулийн профессор юм. 2008 онд эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг Худалдааны чиглэлүүд ба Эдийн засгийн үйл явцын хэлбэрүүд судалгааны ажлаараа хүртсэн. Пол нь эдийн засгийн салбарт олон улсын эдийн засаг ба санхүү, худалдааны онол, эдийн засгийн газарзүйн судалгаагаараа танигдсан.

Роберт Мертон

Роберт Кархарт Мертон (Англиар Robert Carhart Merton, 1944 оны 7 сарын 31-нд төрсөн) нь Америкийн эдийн засагч, их сургуулийн багш бөгөөд эдийн засгийн салбар дахь Нобелийн шагналтан юм.

Тагнуул

Тагнуул гэдэг нь тусгай зорилгоор ямар нэгэн юмыг нууц аргаар мэдэх, мэдээлэх явдал юм.

Эдийн засаг

Эдийн засаг бол ховор хязгаарлагдмал нөөц баялгийг нийгэм ба нийгмийн бүлэг, нэгжүүдийн одоогийн ба ирээдүйн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор хэрхэн яаж үр дүнтэй ашиглаx зарцуулах талаар сонголт хийх шийдлийг судалдаг нийгмийн шинжлэх ухаан юм.

Эдийн засаг нь бараа ба үйлчилгээний үйлдвэрлэл, хуваарилалт болон хэрэглээг судалдаг шинжлэх ухаан юм. Эдийн засаг гэх нэршил нь oikos (гэр) ба nomos (дүрэм буюу хууль), буюу "гэрийн аж ахуйг удирдах" гэсэн грек хэлнээс үүссэн.

Бусад хэлээр

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.