Эгейн тэнгис

Эгейн тэнгис (англ. Aegean Sea, гре. Αιγαίο, тур. Ege Denizi) нь Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт, баруун талаараа Грекийн хойг, зүүн талаараа Анатолийн хойгоор хашигдан орших тэнгис юм.

Эгейн тэнгис

Газарзүй

Зүүн хойд талаараа Дарданеллийн хоолойгоор дамжин Мраморын тэнгис, цаашилбал Босфорын хоолойгоор дамжин Хар тэнгистэй холбогдоно. Тус тэнгисийн өмнөд хэсгийг Критийн тэнгис гэж нэрлэдэг. Эгейн тэнгист том жижиг 2,500 орчим арал байдаг, олон аралт тэнгис болно. Тэдгээр арлын ихэнх нь Грект харьяалагддаг бөгөөд Бозцаада арал, Гөкчеада арал нь Туркийн эзэмшлийнх юм.

Эгейн тэнгисийн арлуудыг 7 бүлэгт хувааж үздэг.

  1. Зүүн хойд Эгейн арлууд
  2. Эвбей
  3. Хойд Спорадес
  4. Кикладес
  5. Сароны арлууд
  6. Додеканесын арлууд
  7. Крит арал

Түүх

Эгейн соёл иргэншил чухамхүү энд хөгжин цэцэглэж байв. Эрт цагт Крит аралд Минойн соёл иргэншил, Пелопонесын хойгт Микений соёл иргэншил үүсчээ. Цаашилбал Афин, Спарта зэрэг өндөр соёл иргэншил бүхий олон хот-улсуудаас бүрдэх Эртний Грекийн соёл иргэншил Эгейн тэнгисээр тэтгэгдэн хөгжиж байв. Мөн Перс, Ромын эзэнт гүрэн, Зүүн Ромын эзэнт гүрэн, Венец, Османы эзэнт гүрэн нь Эгейн тэнгисийн орчимд төрт улсаа төвхнүүлж байлаа. Дундад зуунаас хойш ч тус бүс нутаг нь Европ, Азийг холбосон гүүр болж байсан юм.

Аж үйлдвэр

Галт уулын арал олонтой тул гантиг болон төмөр элбэгтэй. Крит зэрэг томоохон арлууд нь үржил шимт хөрстэй тул газар тариалан эрхлэхэд тохиромжтой ч ихэнх арал нь газар тариаланд тохиромжгүй. Гэвч Газар дундын тэнгисийн уур амьсгал нь нар ээсэн зуны өдрүүд олонтой учраас жуулчдыг ихээр татдаг байна.

I Антигон

I Антигон Монофталм буюу I Антигон Циклопс нь (Латин хэл; “Ганц нүдэт”) (Англи хэл:Antigonus I Monophthalmus)(МЭӨ 382 онд төрж, МЭӨ 301 онд Бага Азийн Фригиад нас барсан.) Антигонидуудын Македон улсыг үндэслэгч. Тэрээр Аугаа Александрын жанжин байв. Александрын залгамжлагч нарын дунд болсон хуйвалдаан, нөхөрлөл, дайн тулалдаанаас Бага Ази, Сири болон тун удалгүй I Селевк Никаторт найр тавьж өгсөн Евфрат мөрний зүүн нутгийг захирах эрхийг олж авчээ. МЭӨ 307 онд түүний хүү I Деметрий Афины захирагчийг хөөн зайлуулж, Кипр арлыг байлдан дагуулснаар Антигоны мэдэлд Газрын дундад тэнгисийн зүүн хэсэг, Эгейн тэнгис, Бага Ази орсон байна. МЭӨ 306 онд тэрээр эзэнт гүрний хаанаар өргөмжлөгдөв. МЭӨ 302 онд Антигоны хамгаалалт доорхи Грекүүдэд энх тайвныг тогтоохоор өөрийн хүүгийнхээ хамт Пан-Эллиний холбоог (Спарт, Мессен, Фессалиас бусад бүх Эллиний улсуудаас бүрэлдэх) сэргээсэн байна. Тэрээр Македоныг оролцуулан Александрын үхлээс өмнөх эзэнт гүрэнг сэргээхийг мөрөөддөг байсан бөгөөд Ипсусын тулалдаанд (МЭӨ 301 он) ялагдан нас баржээ.

Грек

Грек (гре. Ελλάδα, Эллада), албан ёсоор Бүгд Найрамдах Грек Улс (гре. Ελληνική Δημοκρατία) нь Балканы хойгийн өмнөд хэсэгт орших зүүн өмнөд Европын орон юм. Хойд талдаа Албани, Македон, Болгар, зүүн талдаа Турк орнуудтай хиллэдэг. Зүүн болон өмнөд талд нь Эгейн тэнгис, баруун талд нь Ионий тэнгис оршино. Зүүн Газар дундын тэнгисийн сав газрын хоёр талын хоёуланд нь маш олон арал байдаг.

Грек нь Европ, Ази, Африк гурвыг холбосон газар оршдог. Мөн Эртний Грек, Ром, Визант гүрнүүд, Османы эзэнт гүрний 4 зууны турших захиргааны өвийг залгамжлагч юм. Грект ардчилал, барууны философи, Олимпийн тоглолт, барууны утга зохиол, историограф, улс төрийн шинжлэх ухаан, шинжлэх ухааны болон математикийн гол зарчмууд, барууны жүжгийн урлаг (эмгэнэлт болон хошин) зэрэг анх үүсч хөгжжээ.

Грек нь хөгжингүй орон бөгөөд 1981 оноос Европын Холбооны, 2001 оноос ЕХ-ны Эдийн засаг, Санхүүгийн Холбооны, 1952 оноос НАТО-гийн, 1961 оноос Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD), 1995 оноос Баруун Европын Холбооны (WEU), 2005 оноос Европын Сансрын Агентлагийн гишүүн болжээ.

Нийслэл нь Афин бөгөөд бусад томовтор хотуудад Салоники, Патрас, Ираклио, Волос, Янина, Лариса, Валака зэрэг орно.

Үнэн алдартны шашныг "зонхилох шашин" хэмээн үндсэн хуульдаа заасан байдаг.

Икарус

Грекийн домог ёсоор Икарус (Эртний Грек: Ἴκαρος, Этруск: Vikare) нь уран дархан Даедалусын хүү юм.

Митридиатын анхдугаар дайн

Митридиатын анхдугаар дайн (МЭӨ 89 – 85) нь Ромчууд Эзэнт Улсаа өргөтгөж, Грекийн ертөнцийг захирахаар оролдсон дайн байв. Понтусын Вант Улс болон Грекийн олон хотууд Понтусын VI Митридиатесын удирдлагаар Ромын Бүгд Найрамдах Улс болон Битиниагийн Вант Улсын эсрэг босч, энэхүү мөргөлдөөн гарсан юм. Дайн 5 жил үргэлжилсний эцэст Ромын ялалтаар өндөрлөж, Митридиатес өөрийн эзэлж авсан нутгуудаа алдаж, Понтустаа буцжээ. VI Митридиатес болон Ромын зөрчил дахин 2 удаа дайн гаргасан билээ.

Турк

Турк (Туркээр Türkiye), албан ёсоор Бүгд Найрамдах Турк Улс нь тив дамнасан зүүн Европ болон өрнөд Азийн улс юм. Баруунаас нар зөв тойруулвал Грек, Болгар, Гүрж, Армен, Азербайжан, Иран, Ирак, Сири гэх 8 улстай хиллэдэг. Мөн урд, баруун, хойд талуудаараа Газрын дундад тэнгис, Эгейн тэнгис, Хар тэнгисээр хөвөөлөгдөнө. Гантиг тэнгис, Босфорын, Дарданеллын хоолойнуудаар тивүүдийг заагладаг. Нийслэл нь Анкара, хамгийн том хот нь Истанбул. Нийтээрээ шахуу Ислам шашны шүтлэгтэй, албан ёсны хэл нь Турк, бас Иран гаралтай өөрсдийн хэлээр ярилцдаг Курд, Заза нар бий.

Огуз түрэгүүд 11-р зууны үест одоогийн нутагт нүүдэллэн иржээ. Тухайн үед Түрэгийн Селжүкүүд баруун Азид ноёлж байгаад улс нь мөхсөний дараа Анатолийн хойгт (Туркийн Азийн нутаг) хүч нь шилжиж, Османы эзэнт гүрэн тогтож хүчирхэгжсээр Балканы хойг, Баруун Ази, Хойд Африкийг нэгтгэн (Өрнөдийн нэрлэдгээр Ойрхи Дорнодыг) захирч байсан. Дэлхийн 1-р дайнд ялагдсанаар гүрэн задарч, дайнд ялсан улсуудын мэдэлд хуваагдсан үед Мустафа Кемал Ататүрк чөлөөлөх дайныг удирдан ялснаар 1923 онд одоогийн Бүгд Найрамдах Турк Улс байгуулагдсан.

Хөл бөмбөгийн холбоо, Олимпийн хороодод бол Европын улс гэж явдаг. Эдийн засаг, улс төрийнхөө хувьд ч европ тивийн гишүүн гэгдэж, одоогийн байдлаар Европын холбооны гишүүн улс болохоор албан ёсоор нэрээ дэвшүүлээд байна.

Тэнгис

Тэнгис гэдэг нь эх газрын ойролцоох далайн усны томоохон цогц хэсгийг хэлдэг. Далай, тэнгисийн ус нь давстай байдаг учир эх газрын томоохон давстай нууруудыг мөн тэнгис гэж нэрлэж ирсэн уламжлалтай.

Олон Улсын Усзүйн байгууллага (International Hydrographic Organization, IHO) нь тэнгис, нуур зэргийг тодорхойлж, ангилдаг бөгөөд одоо мөрдөж буй тодорхойлолт, ангилалыг "Special publication S-23, Limits of Oceans and Seas, 3rd edition, 1953"-ээс үзэж болно. Энэ товхимол нь 3 дахь хэвлэл нь бөгөөд 4 дэх хэвлэлийн нооргийг 1986 онд бэлэн болгосон боловч, зарим нэг нэршил дээр санал нэгдээгүй тул хэвлээгүй байна (Жишээ нь, Япон тэнгисийн нэр).

Хар тэнгис

Хар тэнгис нь зүүн өмнөд Европд, Анатолийн хойг (Турк) дээр байрлах, эх газар дундын тэнгис юм. Уг тэнгис нь Газар дундын тэнгис, Эгейн тэнгисээр Атлантын далайтай холбогдоно. Босфорын хоолой нь Хар тэнгисийг Мраморын тэнгистэй, улмаар Дарданелийн хоолой нь Эгейн тэнгистэй холбоно. Эгейн тэнгис нь Газар дундын тэнгисийн нэг хэсэг гэж тооцогддог байна. Эдгээр тэнгисүүд (уснууд) нь Ази болон Европ тивийн хил юм. Хар тэнгис нь баруун хойд талдаа Керчийн хоолойгоор Азовын тэнгистэй холбогдоно.

Хар тэнгисийн нийт талбай нь 436400 км2, , хамгийн их гүн нь 2200 метр хүрнэ.

Газар дундын тэнгистэй адил Хар тэнгис рүү жилд 200 км³ Атлантын далайн ус урсаж ирэх бөгөөд ууршилтын улмаас ус нь харьцангуй өндөр давсжилттай болдог байна. Эх газраас жилд 320 км³цэнгэг ус цутгах бөгөөд уг тэнгист цутгадаг хамгийн том мөрөн бол Дунай мөрөн юм.

Турк, Болгар, Румын, Украйн, Орос, Гүрж улсууд Хар тэнгистэй хиллэнэ. Крымын хойг нь ОХУ ЫН автономит эрхтэй муж юм.

Бусад хэлээр

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.