Хэл

Хэл гэдэг нь хүний ерөнхий ойлголт, үзэл бодол, утга санаа зэргийг илэрхийлж хоорондоо харицахад хэрэглэгддэг дохио зангаа, дүрэм зүй, тэмдэглэгээ, дуудлага, үг зэргийг бүхэлд нь хамруулсан систем юм. Фердинанд де Саушюр нь анхлан хэл судлалыг кодчилон судлаж, шинжлэх ухааны түвшинд авчран нийтэд хүргэсэн байна.

Хүний хэл

Хэл шинжлэл

Хэл шинжлэл нь хүний хэлийг шинжлэх ухааны үүднээс тайлбарладаг хүмүүнлэгийн ухааны салбар шинжлэх ухаан юм. Хүн төрөлхтний хэл, түүний гарал үүсэл, мөн чанар, үүрэг, түүнчлэн дэлхийн олон хэлний бүтэц, тогтолцоо, хөгжил, зүй тогтол, төрөл, хэв маягийг судалдаг шинжлэх ухааныг хэл шинжлэл гэнэ.

Хэл шинжлэлийн ухаан нь XIX зууны эхэн үеэс шинжлэх ухаан болон хөгжиж ирсэн гэж үзэж болно. Хэл шинжлэлийн ухааны хөгжлийн тоймыг авч үзвэл хэл шинжлэлийн судлах зүйл, судалгааны арга, салбар ухаан зэргийг тогтооход чиглэгдэж байв. Хэлний тухай шинжлэх ухааныг хэл шинжлэл гэдэг. Хүмүүс өөр хоорондоо харилцаж, саналаа солилцож, улмаар нийгмээ хөгжүүлж, урагшуулж байдаг маш чухал хэрэглүүр болох хэлний үүсэн хөгжиж ирсэн түүхэн зүй тогтол, мөн чанар хийгээд хөгжлийн ирээдүйн төлөвийг хэл шинжлэл судалдаг.

Хэл шинжлэлийг гурван үндсэн хэсэгт болгон үздэг.

  1. Хэл шинжлэлийн удиртгал
  2. Хэл шинжлэлийн түүх
  3. Ерөнхий хэл шинжлэл эдгээр болно.

Хэл шинжлэлийн удиртгалын зорилго нь ерөнхий хэл шинжлэлийн үндсэн асуудлууд, хэл шинжлэлийн гол ойлголт, шинжилгээний арга болон нэр томьёо зэргийг судалдаг. Хэл шинжлэлийн түүхийн зорилго нь хэлний тухай сургаалын түүхэнд байсан эрдэм шинжилгээний олон дэг, чиглэл, дэлхий дахины нэрт хэлний шинжлэлтэн нарын бүтээл, орчин үеийн хэл шинжлэлд тэдний эзлэх байр зэргийг авч үздэг. Ерөнхий хэл шинжлэлийн зорилго нь орчин үеийн дэлхий дахины хэл шинжлэлийн гол асуудлуудтай танилцуулахад оршдог.

Ангилал

Хэлийг судалдаг шинжлэх ухаан бий болсноос хойш олон олон үзэл баримтлал бий болон нарийсан хөгжсөөр ирсэн бөгөөд тухайлбал хэл шинжлэл орчин үед дараах гурван чиглэлээр хөгжиж байна:

Онолын хэл шинжлэл (Theoretical linguistics)
  • Танихуйн хэл шинжлэл (Cognitive linguistics)
  • Үүсгүүр хэл шинжлэл (Generative linguistics)
  • Авиалбар зүй (Phonology)
  • Үг зүй (Morphology)
  • Өгүүлбэр зүй (Syntax)
  • Үгийн сан судлал (Lexicology)
  • Утга зүй (Semantics)
  • Бодит хэл шинжлэл (Pragmatics)
Тодорхойлох хэл шинжлэл (Descriptive linguistics)
  • Хүн судлалын хэл шинжлэл (Anthropological linguistics)
  • Харьцуулсан хэл шинжлэл (Comparative linguistics)
  • Үгийн гарал судлал (Etymology)
  • Түүхэн хэл шинжлэл (Historical linguistics)
  • Авиа зүй (Phonetics)
  • Нийгэм хэл шинжлэл (Sociolinguistics)
Хавсарга хэл шинжлэл (Applied linguistics)
  • Компьютер хэл шинжлэл (Computational linguistics)
  • Шүүх эмнэлгийн хэл шинжлэл (Forensic linguistics)
  • Хэл эзэмшихүй (Language acquisition)
  • Хэлний үнэлгээ (Language assessment)
  • Хэлний хөгжил (Language development)
  • Хэлний боловсрол (Language education)
  • Хэл шинжлэлийн хүн судлал (Linguistic anthropology)
  • Мэдрэл хэл шинжлэл (Neurolinguistics)
  • Сэтгэц хэл шинжлэл (Psycholinguistics)
  • Найруулга зүй (Stylistics) [Linguistics]

Хэлний ангилал

Гол өгүүлэл: Хэлний аймаг ба хэлнүүд

Дэлхий дээрх хэлнүүдийг төстэй байдлаар нь хэд хэдэн бүлэгт ангилдаг. Томоохноос нь дурьдвал, Энэтхэг-Европ хэлнүүд, Афро-Ази хэлнүүд, Хятад-Төвөд хэлнүүд, Угро-Фин хэл, Австрали-Ази хэл болно. Монгол хэл нь Алтай хэлний язгуурт багтдаг.

Зохиомол хэл

Гол өгүүлэл: Зохиомол хэлнүүд

Дэлхийн нийтээр чөлөөтэй саадгүй хэлэлцэх, энх тайвны зорилгоор хоёр зохиомол хэлийг зохиосон боловч төдийлөн амжилт олоогүй. Үүнд Волапук болон Эсперанто гэсэн 2 хэл багтдаг. Волапук хэл төдийлөн нийтийн хэрэглээнд хэрэглэгдэж чадаагүй, Эсперанто хэл нь туслах хэлний үүргийг одоо ч гүйцэтгэж байна.

Амьтны хэл

Гол өгүүлэл: Амьтны хэл

Амьтны хэл гэдэг бол хүний хэлтэй төстэй боловч үг үсэг биш дуу авиагаар хоорондоо ойлголцдог хэл юм. Жишээлбэл: Муур Муур мяав гэж дуугардаг. Гэтэл энэ нь яг юу гээд байгааг бид ойлгодоггүй. Тиймээс хүн ба амьтан хоорондоо өөр өөрийн гэсэн дуу авиа хэл яриагаар ойлголцдог.

Мөн үзэх

  • Угсаатны зүй
  • Мөхсөн хэл
  • Хэлний бодлого
  • Хэлний боловсрол
  • Нэршил
  • Дүрэм зүй
  • Хэл шинжлэл, Хэл шинжлэлийн түүх
  • Хэлний гүн ухаан
  • Орчуулга
Америкийн Нэгдсэн Улс

Америк улс буюу бүтнээр хэлвэл Америкийн Нэгдсэн Улс (товчоор АНУ; англ. United States of America) Умард Америк тивд оршдог. Хойд талаараа Канад, урд талаараа Мексик улстай хиллэх бөгөөд зүүн зүгт Атлантын далай, баруун зүгт Номхон далай, урд зүгт Мексикийн булан хүрдэг. 50 муж улс болон Колумбын тойргоос бүрдсэн холбооны, бүгд найрамдах улс юм. Аляска, Хавай, Пуэрто-Рико зэрэг тусдаа орших нутагтай. 9.6 сая км² газарт (дэлхийд 3-р байр) 313 сая хүн (3-р олон) аж төрж байна. Газрын гадарга, уур амьсгал олон янз, нийслэл нь Вашингтон.

Индиануудын өвөг одоогоос 15.000 жилийн өмнө Америкт ирсэн бөгөөд Европын колоничлол МЭ 16-р зуунаас эхэлсэн. Атлантын эргээр Британийн 13 колони гэж байв. Колонийн ард түмэн далайн чанадын Их Британид захирагдахгүйн төлөө тэмцсэн хувьсгал ялснаас 1776 онд АНУ байгуулагдаж, 1783 онд дайн дуусаж, Европын колониос салсан анхны орон болсон юм. 1787 онд үндсэн хуулиа баталж одоо ч өөрчлөөгүй гэх ба 1791 онд хүний эрх, эрх чөлөөний суурь зарчмыг тунхагласан ажээ.

Байгуулагдснаасаа хойш Франц, Испанийн хаяа залгаа колониос газар нутаг авч Номхон далай хүртэл тэлсэн ба 19-р зууны дунд үед боолчлолыг халахын төлөө иргэний дайн дэгдэж амжилттай төгссөн. Дэлхийн хоёрдугаар дайнаар цөмийн зэвсэгтэй болж, дараа нь НҮБ-ийг байгуулалцаж, НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн улс болжээ. Хүйтэн дайн төгсөж ЗХУ задарснаар ганц их гүрэн болон үлдсэн гэдэг. Дэлхийн бараг бүх орноос хүн шилжин суусан олон арьс үндэс, олон хэл соёлтны газар болсон бөгөөд цагаан арьстан зонхилдог. Англи хэл голлодог, испани хэл бас хэрэглээнд байна.

АНУ аж үйлдвэржсэн, хөгжингүй улс юм. ДНБ-ийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Цэрэг, технологи сайн.

Англи хэл

Англи хэл (English эсвэл the English language) нь Англид үүссэн, Баруун Германы хэл юм. Энэ нь дэлхийн хамгийн түгээмэл хэлүүдийн нэг бөгөөд Нэгдсэн Вант Улс, АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд, Ирланд, Карибын орнуудад албан ёсны хэл болдог. Энэ хэлээр дэлхий дээр 310 сая хүн төрөлх хэлний хувиар, мөн тооны хүн хоёрдогч хэлний хувиар ярьж байна. Орчин цагийн англи хэл нь эртний англи буюу англо-саксон хэлний нэгэн аялга байдлаар үүсч, 5 дугаар зууны үед Британид нэвтэрсэн баруун герман аялгаар баяжсан хэл ажээ. Түүнчлэн түүхэн хөгжлийн явцад латин болон франц хэлний норманд аялгаар баяжиж ирсэн байна. 1362 онд франц хэлийг халж, англи хэлийг Английн хууль ёсны хэл болгосноор англи хэлний жинхэнэ сэргэлт эхэлж, 14-р зууны Английн утга зохиолын үүсэл, 15-р зууны хэвлэлийн үүсэл, 16-17 зууны Уильям Шекспир, Эдмунд Спэнсэр, Кристофер Марлоуи нарын Англи утга зохиолын суут төлөөлөгчдийн эринг дамжин, хэл зүйч Самуэл Жонсон (1709-1784)-ы зохиосон англи хэлний стандартчилсан дүрэм гарснаар орчин цагийн төгс хэл болж бүрэлдсэн гэж үздэг байна.

Биологийн ангилал

Амьд биесийг удам төрлийн ижил төстэй болон ялгаатай байдалд тулгуурлан бүлэглэн хуваах зорилго бүхий биологийн шинжлэх ухааны ухагдахууныг биологийн ангилал гэдэг.

Стандарт ангилал, түүний үндсийг тавьжээ. Тэрээр зүйлүүдийг төстэй физик шинж чанараар нь бүлэглэж хуваажээ. Мөн тэр анх удаа ургамал, амьтны зүйл тус бүрт хос нэршлийг анх нэвтрүүлжээ. Хос нэршил нь төрлийн нэрийн араас тухайн зүйл амьтныг тодорхойлох нэрийг залган нэрлэх зарчим. Homo sapiens гэдэг нь хүний биологийн зүйлийн нэр бөгөөд Хомо төрлийн Хомо сапенс зүйл буюу ухаант хүн, орчин үеийн хүн гэж ойлгоно. Homo neanderthalesis гэвэл мөн л Хомо төрлийн Хомо неөндарталь буюу бидний хэлж заншсанаар Неандарталь хүн. Төрөл зүйлийн хос нэршлийг налуу үсгээр бичих ба шинжлэх ухааны өгүүлэл аливаа амьтны нэрийг заавал латин нэрийг эхлэн дурьдан, цаашид өөр амьтантай хольж ойлгохоос сэргийлдэг.

Ингэж бүлэглэн хуваахдаа нийтлэг нэг өвгөөс үүсэлтэй хэмээх Дарвины зарчимтай нийцүүлэн засварласаар ирсэн. Молекул эволюцийн судалгаа нь ДНХ-ийн дараалалд хийсэн шинжилгээнд үндэслэн ангилалзүйд олон шинэ засварыг оруулж байгаа бөгөөд цаашид ч засвар орох төлөв ажиглагдаж байна. Биологийн ангилал бол ангилалзүйн салбар ухааны бүтээгдэхүүн юм.

Нэг бүлэгт багтаж байгаа амьд биетийн хоорондох төстэй байдлыг дур зоргоор шийдвэрлэхгүй, харин нарийн тогтоосон аргачлал мэдээлэлд тулгуурлан тогтооно. Ижил шинж чанар нь хамгийн ойрын нийлэг нэг өвгөөс уламжилсан байх ёстой. Иймээс биологийн ангилалд хэрэглэгдах чухал шинж чанар бол хомолог шинжүүдтэй байх юм. Хомолог шинж гэдэг нэг өвгөөс гаралтай ижил төстэй шинжийг илэрхийлнэ.

Хомолог ижил төст чанар нь аналог ижил төст чанараас ялгаатай. Шувуу болон сарьсан багваахай хоёул нисэх чадвартай боловч тэдгээрийг нэгтгэн нэг ангилалд оруулдаггүй. Учир нь тэд энэ чанарыг нэгдмэл нэг өвгөөс өвлөж аваагүй. Шувуу үүсэн бий болохдоо хэвлээр явагч нисдэггүй өвгөөс үүссэн бол Сарьсан багваахай сүүгээр бойжигч өвгөөс үүсчээ.

Харин сарьсан багваахай, халим хоёрын хоорондох олон ялгааг үл харгалзан зөвхөн үр төлөө сүүгээр бойжуулдаг шинжид үндэслэн тэдгээрийг Хөхтөнд хамааруулдаг. Учир нь тэд нийтлэг нэг өвгөөс гаралтай юм.

Хүмүүс зүйлүүдэд нэр оноож нэрлэж эхлэх үед латин хэл дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэгддэг хэл байжээ. Иймээс бүх зүйлүүд өнөөг хүртэл латин нэртэй. Эрдэмтэд өөрсдийн олсон шинэ зүйлийн албан ёсны тодохойлолтыг бичихдээ латин хэлийг хэрэглэдэг байв.

Нэг жилийн өмнөөс амьтан судлаачид амьтадын тодорхойлолтыг хийхдээ латин хэлийг ашиглахын оронд англи хэлийг хэрэглэх болжээ. 2012 оны Нэгдүгээр сарын нэгнээс эхлэн олон улсын ургамал судлалын конгресс шинэ ургамлыг тодорхойлохдоо англи хэлийг хэрэглэхээр шийдвэрлэсэн.

Герман

Герман (герм. Deutschland), албан ёсоор Холбооны Бүгд Найрамдах Герман Улс нь төв Европын улс юм. Умард талаараа Дани, зүүн талаараа Польш, Чех, өмнө талаараа Австри, Швейцари, баруун талаараа Франц, Люксембург, Бельги, Голланд улсуудтай хиллэдэг. Мөн баруун хойд талд нь Хойд тэнгис, зүүн хойд талд нь Балтын тэнгис оршдог. Герман нь 357,021 км² нутаг дэвсгэртэй бөгөөд сэрүүн уур амьсгалтай. Хүн амынхаа тоогоор Европын Холбооны гишүүд дотор тэргүүлдэг, мөн гадны оршин суугчдаараа дэлхийд гуравт орно.

МЭӨ 100 оноос өмнө Германиа гэгч нутагт Герман угсааны хүмүүс амьдарч байжээ. 10-р зуунаас 1806 он хүртэл Германы нутаг дэвсгэр нь Ариун Ромын эзэнт гүрний маш чухал хэсэг болж байв. 16-р зуунд Германы хойд хэсэг нь Протестант шинэчлэлийн төв болсон байна. 1871 оны Франц-Пруссын дайнд анх удаагаа улс болж нэгджээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1949 онд Герман нь баруун, зүүн хоёр улсад хуваагдсан. Хоёр улс 1990 онд нэгджээ. 1957 онд Баруун Герман нь Европын Эвлэлийг байгуулсан орнуудын нэг болсон бөгөөд энэ байгууллага нь 1993 онд Европын Нэгдэл болсон байна. Герман нь Шенгений бүсэд орсон бөгөөд 1999 онд Еврог арилжааны банкуудад хэрэглэж эхлээд, 2002 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бэлэн мөнгийг нэвтрүүлжээ. ХБНГУ-ын гүйцэтгэх дээд байгууллага бол холбооны Засгийн газар юм. Түүний үндсэн үүрэг нь улсынхаа улс төрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд оршино. Засгийн газрыг Канцлер удирдана. ХБНГУ-ын шүүхийн тогтолцоо нь бусад улсуудын шүүхийн тогтолцооноос ялгарах өвөрмөц онцлогтой. Ихэнх улсуудад шүүхийн тогтолцоо дангаараа тэргүүлдэг бол ХБНГУ-д дээд шүүхийн үүргийг холбооны шүүхийн танхим, захиргааны хэргийн шүүх, хөдөлмөрийн шүүх, нийгмийн шүүх гэж 5 дээд шүүх тус тусынхаа хүрээнд хэрэгжүүлдэг, эдгээр дээд шүүхүүдийн нийлбэрийг нь шүүхийн сенат гэж нэрлэдэг.

Герман нь төрийн алба гэсэн ойлголтын оронд, нийтийн алба хэмээх нэр томьёог хэрэглэнэ.

Герман нь 16 мужаас (Bundesländer) тогтсон холбооны бүгд найрамдах парламентын засаглалтай улс юм. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Берлин. Герман нь НҮБ, НАТО, Их Найм, G4 зэрэг байгууллагуудын гишүүн бөгөөд Киотогийн гэрээнд гарын үсэг зурсан. ДНБ нь дэлхийд тавд (худалдан авах чадвараар харьцуулсан), эсвэл гуравт (нэрлэсэн) ордог. Мөн дэлхийн хамгийн том экспортлогч орон юм. Германы гадаад орнуудад үзүүлэх туслалцаа нь дэлхийд хоёрт ордог бөгөөд цэрэг армийн зарцуулалт нь зургаад орно. Герман нь амьдралын чанар өндөртэй бөгөөд нийгмийн аюулгүй байдлыг хангах нарийн системийг бий болгожээ. Европын үйл ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг бөгөөд дэлхийн орнуудтай сайн хамтын ажиллагаатай. Герман нь шинжлэх ухаан, технологийн салбарт тэргүүлэгч орнуудын дунд жагсдаг.

Герман хэл

Дэлхий дахины зонхилох хэлний нэг герман (германаараа [дойч] гэдэг) хэлийг 95–100 сая хүн эх хэл болгон эзэмнэж байна. Төрөл гарлаараа энэтхэг-европ язгуур, түүн дотроо өрнө герман бүлэгт англи, нидерланд хэлний хамт ангилагддаг.

Герман төрөлх хэлтнийг үндсэндээ герман үндэстэн гэдэг. Герман үндэстнээр голлосон Герман, Австри хоёр улсад герман хэл дангаараа, германчууд тодорхой хувийг эзлэдэг Лихтенштейн, Швейцар, Люксембургт бусад хэлний хамтаар албан ёсны хэл болон тогтжээ. Европын орнуудаас гадна Америк, Канад, Бразил, Өмнө Африк, Намиб улсынханд герман хэл хэрэгтэй.

Орчин цагийн хэлийг 1650 оноос хойш гэж үздэг бөгөөд түүнээс өмнө 1350–1650 он, 1050-1350 он, 500-1050 оны гэж шатлан судалдаг.

1901 онд герман хэлний бичгийн дүрмийг нэг мөр болгон тогтоож байв. 1996 онд зарим зүйлийг засан шинэчлэсэн.

Герман хэлийг латин үсгээр бичиж тэмдэглэдэг. Энгийн 26 үсгэн дээр Ää, Öö, Üü гурван үсэг болон ß тэмдэг нэмэгдэнэ.

Герман хэлний олон үг англи хэлтэй холбоотой боловч хэлзүйн хувьд англи хэлнээс илүү нарийн төвөгтэй. Герман хэлэнд туслах үйл үг хэрэглэж байгаа тохиолдолд гол үйл үг нь өгүүлбэрийн эцэст очих ёстой байдаг.

Грек хэл

Грек хэл нь Энэтхэг-Европын хэлний язгуурын хэл юм. Грек хэл нь Грек улс болон Кипрусын арлуудад яригддаг. Мөн бага тооны ярилцагчид хойд Итали болон Бага Азийн орнуудад ярилцдаг. Грекээр уг хэлийг Ελληνικά (еллиника) хэмээн дууддаг.

Грек хэлийг тэмдэглэхэд Грек цагаан толгойг ашиглана. Латин цагаан толгойноос (уг цагаан толгойноос бусад хэлний цагаан толгой үүссэн. Жишээ нь: Англи) Грек цагаан толгой гаралтай. Мөн маш олон цагаан толгой болон үгс нь Грек хэлнээс гаралтай байдаг. Түүний нэг нь Кирил цагаан толгой юм.

Грек хэлээр нийт 15 сая гаруй хүн ярилцдаг.

Испани хэл

Испани хэл буюу Кастиль хэл нь дэлхийн 500 сая орчим хүний төрөлх хэл бөгөөд Латин Америкийн орнууд болон Испани улсын албан ёсны хэл юм. Энэтхэг-Европ хэлний аймгийн Итали хэлний бүлэгт багтдаг.

"Испани хэл"-ний испани хэлээрх нэр нь Кастельяно (Castellano) буюу эспаниол (Español). Өмнөд Америкийн орнуудад кастельяно гэж нэрлэгдэх нь олон ба Мексик, Төв Америк, Карибын орнуудад зөвхөн эспаниол гэж нэрлэдэг.

Итали хэл

Итали хэл (итал. italiano, lingua italiana)

Итали хэл нь Энэтхэг-Европ хэлний аймгийн Италик бүлэгт хамаарагдах флоренц аялгад суурилсан роман хэл юм. Мөн Европын холбооны албан ёсны 23 хэлний нэг билээ. Өнөөдөр итали хэлээр 80-аад сая хүн ярьдаг. Итали хэл нь Итали улс, Сан Мариногийн вант улс, Швейцар, Хорват, Словани, Ватикан улсын албан ёсны хэл юм.

Итали хэл нь манай он тооллын 476 - 1000 оны хооронд буюу 500-аад жилийн хугацаанд Ромын эзэнт гүрний үеийн ярианы латин хэлнээс үүссэн хэмээн хэл судлаачид тодорхойлдог. 1200 - 1300 оны үед Флоренц хот улс төр, эдийн засаг, соёлын хөгжлөөрөө Италийн бусад хотуудыг тэргүүлж хүн амын тоо 100 мянга гаруй болж байсан бөгөөд Италийн соён гэгээрүүлэгч, алдарт яруу найрагч Данте Алигьери, Франческо Петрарка, Жованни Боккаччо нар Флоренц аялгаар зохиол бүтээлээ туурвиж тэдний шүлэг, яруу найраг Итали даяар тархан, олонд сайшаагдаж байжээ. Үүнээс улбаалан шинэ залуу яруу найрагчид, шүүмжлэгчид өөрсдийн бүтээл, туурвилаа олонд хүргэхийн тулд тухайн аялгуугаар бичихийг эрхэмлэх болсон нь флоренц аялга итали хэлний үндсэн аялгуу болоход нөлөөлсөн юм. 1827 онд Италийн сэргэн мандалтын үеийн алдарт уран зохиолч Алессандро Манзони “Сүйт залуус” хэмээх романаа туурвисан нь зөвхөн уран зохиолын болон ихэс дээдсийн гэгдэж байсан флоренц аялгад суурилсан бичгийн хэлийг ярианы хэлтэй нэгтгэхэд түлхэц болон, орчин цагийн итали хэл үүсэх эхлэл болжээ.

Латин хэл

Латин хэл (Латинаар lingua latīna) нь итали хэлнүүдийн нэг гэж тооцогддог. Лаций болон Эртний Ромд яригдаж байсан хэл. Ромын байлдан дагуулалтаар латин хэл Газрын дундад тэнгис, Европын ихэнх хэсэгт тархжээ. Каталан, франц, итали, португал, румын, испани зэрэг Роман овгийн хэлнүүд бүгд латин хэлнээс гаралтай бөгөөд өөр олон хэл, ялангуяа Европын хэлнүүд үгийн сангаа латин хэлнээс их баяжуулсан ажээ. XVII зууныг хүртэл латин хэл төв ба баруун Европын шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний олон улсын хэлний үүрэг гүйцэтгэж байгаа аажмаар ярианы хэлнүүдэд шахагджээ. Латин хэл нь Ватиканд хэрэглэгдэж байгаа бөгөөд Ромын Ромын Католик шашны сүмийн албан ёсны хэл бөгөөд ёслол мөргөлийн үеэр хэрэглэдэг.

Монгол улс

«Монгол» үгийг энд холбон амарчлав. «Монгол үндэстэн»-д мөн хамаарна.Монгол Улс (1992 оноос хойш) — дорно болон төв Азид оршдог бүрэн эрхт улс.

Хойд талаараа Орос, бусад талаараа Хятад улстай хиллэдэг далайд гарцгүй орон. Нийслэл — Улаанбаатар хот.

Алтайн нуруунаас Хянган, Соёноос Говь хүрсэн 1 сая 566 мянган км2 уудам нутагтай, дэлхийд нутаг дэвсгэрийн хэмжээгээр 19-рт жагсдаг. 2015 оны эхэнд Монгол Улсын хүн ам 3 сая хүрсэн (135-р олон). Үндсэндээ монгол үндэстэн (95 хувь), мөн хасаг, тува хүн байна. 16-р зуунаас хойш буддын шашин, 20-р зуунаас шашингүй байдал дэлгэрсэн ба албан хэрэгт монгол хэлээр харилцана.

Монголд НТӨ 209 онд Хүннү улс нэгдсэнээс монгол, түрэг угсаатан халалцсаар 1206 онд Чингис хаан Их Монгол улсыг байгуулан Евразийг эзэлсэн гүрэн үүсгэжээ. 17-р зуунд манж Чин улсын мэдэлд орсон ч 1911 онд тусгаар тогтносон бөгөөд 1924 онд байгуулагдсан Бүгд Найрамдах Монгол Ард Улс 1961 онд НҮБ-ын гишүүн болсон. 20-р зуунд ЗХУ-тай дотно байж, нийгэм, эдийн засгийн бат суурь тавигдан 1990 онд ардчилсан дэглэм, зах зээлийн эдийн засагт шилжин орсон. Одоо парламентын бүгд найрамдах засагтай, хорин нэгэн аймаг, нэг нийслэлд хуваагддаг нэгдмэл улс юм.

Хөгжиж буй орон. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр (26.8 тэрбум ам.доллар) дэлхийд 111-т жагсаж, нэг хүнд ноогдох хэмжээ 11,882 $ байна. Хөдөө аж ахуй, нүүдлийн мал аж ахуйн уламжлалтай. Зэс, нүүрс экспортлодог. Мөнгөний нэгж — төгрөг.

Дэлхийн 184 улстай дипломат харилцаа тогтоосон. НҮБ, ДХБ, ОУВС, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын гишүүн.

Монгол хэл

Монгол үндэстний эрт эдүгээ цагийн хэл аялгуу, үсэг бичгийг хамтад нь Монгол хэл бичиг гэнэ. Түүнээс Монгол үндэстний эх хэлийг Монгол хэл (худам монголоор монггул хэлэ, тод монголоор монггол хэлэн) гэдэг. Монгол хэл 13-15, 16-р зууны нэг, 16-18, 19-р зууны гэх мэтээр шатлан хөгжиж 20-р зуунд "Орчин цагийн монгол хэл"-тэй золгосон юмсанжээ. Монгол хэлийг өрнөд, умард, дорнод, төв гэсэн үндсэн дөрвөн аялгуутай, биесээсээ тасралгүй үлдсэн хэл аялгуу юм гэж 1959 онд Ш.Лувсанвандан эрдэмтэн хэлсэн байдаг.

1206 онд Монгол үндэстэн бат тогтож, Согд, Уйгур ул сууриас өөрийн үсэг бичигтэй болжээ. Өнөө цагт хэлвэл Худам (1204?–), Тод (1648–) гэсэн хоёр янзын монгол үсэг, Монгол (1941–) Буриад (1939–) Халимаг (1941–) гурван янзын кирил үсгийн аль нэгийг нь ашиглан Монгол хэлээ тэмдэглэснийг Монгол бичиг (Худам монгол бичигтэй андууруузай) гэнэ. Өнөөдөр тусгүй ч Дөрвөлжин, Соёмбо, галиг, Вагиндрын зэрэг үсэг бичгийн уламжлал бас бий. Монгол хэл бичиг нь эгшиг зохицох ёстой, Алтай хэлний язгуурын ерөнхий шинж буюу өгүүлэгдэхүүн-тусагдахуун-өгүүлэхүүн дарааллаар өгүүлбрээ бүтээдэг. Нэр үг, үйл үгийн адаг нь тийн ялгал, дагавар, нөхцлөөр хувирдаг.

Монгол хэл бичигт үгийн утгыг бүрэн илэрхийлэхэд шаардлагатай бүх авиа болон үсэг байдаг учир монголчууд гадаад хэлийг хялбархан сурдаг. Хэдийгээр уламжлалт монгол цагаан толгойн үндсэн үсэгт "ф", "к" үсэг ордоггүй ч монгол цагаан толгойд "ф"-тэй төстэй "б", "в" үсэг, "к" үсэгтэй төстэй "г", "х" үсэгнүүд байдаг учир монгол хүн ямар ч гадаад хэлийг богино хугацаанд сурах боломжтойгоороо давуу юм. Мөн халх үгэнд "к" үсэг хэрэглэгдэггүй ч ойрд үгэнд "к" үсэг түгээмэл хэрэглэгддэг.

Япон хэлэнд "л", хятад хэлэнд "р" үсэг байдаггүй учир япончууд "л" үсэгтэй гадаад үгийг "р" үсгээр, хятадууд "р" үсэгтэй гадаад үгийг "л" үсгээр дууддаг. Жишээ нь япончууд "монгол" гэхийг "монгорү" гэж дууддаг.

Орос хэл

Орос хэл (Русский язык) бол Энэтхэг-Европын хэлний язгуурийн славян хэлний дэд бүлэгт багтдаг. Оросын Холбооны Улсын албан ёсны хэл бөгөөд хуучин Зөвлөлт Холбоот Улсын орнуудад өргөн хэрэглэгдэж ирсэн. Эдүгээ орос хэлийг төрөлх хэлээ болгосон 145 сая орчим хүн байна. Бичиг үсгийн хамгийн эртний дурсгал нь манай эриний 10-р зуунд хамаарагддаг.

Солонгос хэл

Солонгос хэл нь солонгос үндэстний эх хэл бөгөөд уг хэлийг солонгосын хойгт орших Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс болон БНХАУ-ын Гирин аймгийн Ян Бианы Солонгос үндэстний өөртөө засах тойрог (цаашид ЯБСҮӨЗТ) болон Чан Бай Солонгос үндэстний өөртөө засах шяньд албан ёсоор хэрэглэнэ.

Өмнөд Солонгосын засгийн газар "Хангуг о" хэмээдэг байхад Хойд Солонгос улсад "Жосеон о" гэж нэрлэнэ.

Франц хэл

Франц хэл (français, [fʁɑ̃sɛ] гэж дуудагдана) бол дэлхий дээр 54 орны хүн амын дийлэнх хэсэг буюу нийт 350 орчим сая хүн өөрийн төрөлх болон хоёрдогч хэл гэж үздэг, томоохон хэл юм. Энэ хэлээр яригчдын олонхи нь Франц, Канад, Бельги, Швейцари улсуудад амьдардаг.

Франц хэл бол испани, португал, итали, каталан, румын зэрэг роман хэлний бүлгийн бусад хэлнүүдийн адил Ромын эзэнт гүрний үеийн латин хэлнээс гаралтай байна. Энэ хэлний хөгжилд Ромын эзэмшлийн Галл мужийн уугуул оршин суугчдын кельт гарлын хэл, мөн Ромын дараах үеийн Франкийн байлдан дагуулагчдын ярилцдаг байсан герман хэлний нөлөө багагүй үүрэг гүйцэтгэжээ.

Франц хэлийг 31 оронд төрийн албан ёсны хэл гэж үздэг бөгөөд тэдгээр орнууд франц хэлээр La Francophonie гэж нэрлэдэг франц хэлт орнуудын нөхөрлөлийг бүрдүүлдэг. Мөн Нэгдсэн Үндэстний Байгууллага болон цөөнгүй тооны олон улсын байгууллагын албан ёсны хэлэнд тооцогддог.

Хятад улс

«Хятад» үгийг энд холбон амарчлав. «Хятад үндэстэн»-д мөн хамаарна.Хятад (1949 оноос хойших үеийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс) — дорно Азид оршсон бүрэн эрхт улс.

Хятад улс 9.6 сая км2 нутаг дэвсгэртэй дэлхийн 3-р том орон бөгөөд зүүн талаараа Номхон далайд тулж бусад талаараа Вьетнам, Лаос, Бирм, Бутан, Энэтхэг, Балба, Пакистан, Афган, Тажик, Хиргис, Хасаг, Монгол, Орос, Умар Солонгос гэсэн 14 улстай хиллэдэг. Хангай говь, халуун сэрүүн гээд газрын тогтоц, уур амьсгал янз бүр. Тайвань, Энэтхэг зэрэг хэдэн оронтой газар нутгийн маргаантай. 1.36 тэрбум буюу дэлхийн хамгийн олон хүнтэй улс юм. Үндсэн хүн ам хятад үндэстнийг (91.5%) багтаагаад 56 нэрийн ард түмэн байна. Албан ёсны хэл — хятад. Нийслэл — Бээжин.

Хятадад эртнээс соёл иргэншил тогтсон. Домгийн Шя улсаас хойш НТӨ 221 онд Цинь улс хүчирхэгжиж хятад үндэстний анхны нэгдсэн улсыг үүсгэжээ. Олон улс халалцсаар 1911 онд манж Чин улс мөхсөнөөр хаант засгаас татгалзаж, бүгд найрамдах засаг авсан бөгөөд иргэний дайныг төгсгөж өнөөгийн БНХАУ 1949 онд байгуулагдсан. Коммунист (эв хамт) улс төрийн дэглэм, зах зээлийн баримжаат социалист (нийгэм журамт) эдийн засагтай, нэгдмэл төрийн байгууламжтай. Дотроо муж, өөртөө засах орон, төвөөс захирах хот, онцгой захиргаат орон гээд 33 нутаг болж хуваагддаг.

Хятад улс аж үйлдвэржиж, эдийн засаг нь тогтмол хурдтай өсч байгаа бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр АНУ-ын дараа 2-рт байна. Цөмийн зэвсэгтэй. 1971 онд Тайваньд байсан НҮБ-ын суудлыг зүй ёсоор авсан бөгөөд НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн юм. ДХБ, АПЕК, ШХАБ, Их хорь зэрэг олон улсын байгууллагын гишүүн.

Хятад хэл

Хятад хэл (хятадаар 汉语/漢語 Hànyǔ; 华语/華語 Huáyǔ; 中文 Zhōngwén) нь нэг талаас үзвэл нэгэн хэл, нөгөө талаас үзвэл харилцан адилгүй хувиар хоорондоо ойлголцдог хэдэн янз хэлийг багтаасан хэлний бүлэг юм.Хэлний ангиллаар ямартаа ч Хятад-Төвөд хэлний язгуурын нэг салаа нь болно. Төрөлх хэлт хүмүүс үндсэндээ Хятадад (өнөөгийн БНХАУ, Тайвань) суурьшсан байдаг. Үндэстэн улсаа байгуулсан Хятадууд ялгагдах хэл яриагаа «аялгуу» гэж үздэг. Харин бусад хэл шинжээч, хятад судлаач нар "Хятад хэлний бүлэг" гээд хэд хэдэн «хэл» болгон ангилжээ.Дээрх ялгаатай хэсгүүдийг нутаг орны байршлаар Умард (өөрөөр Мандарин гэнэ, 850 сая орчим хэлэлцэгчтэй), Ву (90 сая), Юэ (өөрөөр Кантон, 70 сая), Мин (50 сая), Шиан (36 сая) зэрэг 7-13 бүлэгт багцладаг.

Үүнээс Умард Хятад хэл/аялгуунуудын доторх Бээжин нутгийн аялгуунд тохируулсан Баримжаа хятад хэл (Pu tong hua/普通话) нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ) болон Бүгд Найрамдах Хятад Улс (ө.х Тайвань) хоёрт төрийн цор ганц, Сингапур улсад албан ёсны 4 хэлний нэг болж хуульчлагдан батлагджээ. Мөн НҮБ-ийн албан ёсны 6 хэлийн нэг болдог.

Бичгийн систем нь хятад үсэг буюу ханз бөгөөд муж, тойрогоосоо хамаарч уламжлалт эсвэл хялбаршуулсан ханз хэрэглэдэг. Галиг үсгийн хувьд латин цагаан толгойн дээр тулгуурласан Пинь-Инь хэрэглэнэ. Юүе хэлэнд мөн адил латин цагаан толгойнд тулгуурласан Жьюп-Пинь зэргийг ашигладаг. Эртний галиг үсэг болох жүинь нь толь бичгийн хэмжээнд хэрэглэдэг.

Швейцари

Швейцари улс (герм. Schweiz, фр. Suisse, итал. Svizzera, Руманш хэл: Svizra), албан ёсоор Швейцарийн Холбооны Улс (лат. Confoederatio Helvetica учир тус орны ISO-гийн улсын код нь CH ба CHE) бол баруун Европт байрлах 7.5 сая хүн амтай, 41,285 км² газар нутагттай, далайд гарцгүй орон юм. Швейцари нь 26 улсаас бүрдсэн холбооны бүгд найрамдах улс бөгөөд эдгээр улсуудыг өөрөөр бас кантон гэж нэрлэдэг. Берн хот бол Холбооны улсын засгийн газар байрлах хот бөгөөд де факто нийслэл хот нь юм. Энэ орны эдийн засгийн төвүүд нь Женев ба Цюрих хотууд болно. Швейцари нь дэлхийн хамгийн баян чинээлэг, өндөр хөгжилтэй орнуудын нэг.

Швейцарь улс Герман, Франц, Итали, Австри ба Лихтенштейн улсуудтай хиллэдэг. Швейцарь нь олон хэлтэй улс бөгөөд герман, франц, итали, руманш гэсэн дөрвөн хэлийг үндэсний хэл гэж үздэг. Хэрэглээний түвшинд англи хэл нэлээд түгээмэл тархсан. Швейцари улс төвийг сахих эртний уламжлалтай бөгөөд 1815 оноос хойш дайнд ороогүй. Энд Олон Улсын Улаан Загалмайн Нийгэмлэг, Дэлхийн Худалдааны Байгууллага, НҮБ-ийн Европ дахь хоёр төв байр байрладаг.

Швейцарийн латин нэр буюу Confoederatio Helvetica гэдэг нь Альпийн бүс нутагт амьдарч байсан эртний кельт гаралтай хельвет аймгийн нэрээс гаралтай юм. Швейцари улсын байгуулагдсан огноог уламжлал ёсоор 1291 оны 8 сарын 1 гэж үздэг учир энэ өдрийг үндэсний баярын өдөр хэмээн тэмдэглэдэг.

Япон

Япон нь Номхон далайн баруун хэсгийн бүлэг арлуудаас тогтох дорнод Азийн орон юм.

Япон нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа зохиосон Японы Үндсэн Хуульд үндэслэн шүүх, гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг Үндсэн хуульт хаант засагт улс бөгөөд Үндсэн хуульд нь Төрийн тэргүүн гэж хэн болохыг заагаагүй боловч Япон Улсын ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болох эзэн хаан нь төрийн тэргүүн гэж хэлж болох юм.

Япон нь эдийн засгийн чадавхаараа дэлхийд АНУ, Хятадын дараа 3-т ордог, Их Наймын нэг гишүүн улс юм. Азийн цор ганц өндөр хөгжилтэй орон хэдий ч түүхий эд, хүнс, эрчим хүчний 80-аас илүү хувийг импортолдог, гадаад худалдаанаас хамааралтай улс болно.

Японы хүн ам нь Хоншүү арлаар төвлөрөн суудаг япон, Окинава аралд оршин суух Рюүкюү болон Хоккайдо, Сахалинаас гаралтай Айнү, Орок, Нивхи зэрэг жижиг үндэстнүүдээс бүрдэнэ. Албан ёсны хэл нь япон хэл бөгөөд Рюүкюү хэл, Айнү хэл зэрэг цөөн ярилцагч бүхий хэлнүүд оршдог.

Газарзүйн байрлалын хувьд газраар хиллэдэг орон байхгүй бөгөөд Япон тэнгисээр Солонгосын хойг (БНСУ, БНАСАУ), ОХУ-тай (ОХУ нь Япон тэнгисээс гадна Агнуурын тэнгисээр хиллэнэ), Дорнод Хятадын тэнгисээр БНХАУ, Бүгд Найрамдах Хятад Улс зэрэг улсуудтай хиллэнэ. Түүнчлэн өмнө этгээдэд байх Огасавара олтригоор Микронез (Умард Марианы арлууд) улстай хиллэдэг.

Япон хэл

Япон хэл (Япон хэлээр: 日本語, にほんご | Галиг: Ни хон го, Ni hon go) нь Япон улс болон япон хэлээр хэлэлцэгч ард түмний хэл юм. Японы хуулинд "Албан ёсны хэл" хэмээн заасан байдаг бөгөөд албан хэргийг уг хэлээр хөтөлж, боловсролын салбарт албан ёсоор "Улсын хэл" хэмээн заадаг.

Нийт ярилцагчдын тооны хувьд тодорхой тооцоо байхгүй боловч, Япон улсын харьяат иргэд мөн Япон улсаас өөр нутагт амьдарч байгаа Япон хүн, Япон (Ямато) угсааны хүн гээд тооцвол 130 саяас илүү ярилцагчтай хэмээн үздэг. Нийт ярилцагчдын тоогоор дэлхийд 10-р байранд жагсах хэл ажээ. Японд төрж өссөн хүнд Япон хэл нь тэдний эх хэл болдог.

Хэсэг эрдэмтэд өгүүлбэр зүй, дуудлага зэргийг харгалзан үзэж Алтай язгуурын хэлэнд хамааруулдаг боловч өөр эрдэмтэд онолын шатанд яваа Фүюү хэлний язгуур, Японик хэлний язгуурт хамаарна гэж үздэг (эдгээр нь албан ёсны бус юм).

Бусад хэлээр

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.