Бичлэгийн төрөл зүйл

Бичлэгийн төрөл зүйл (Жанр. Genre). Франц хэлний ganre – “төрөл, зүйл” гэсэн үгнээс гаралтай. Сэтгүүл зүйн онол, практик, арга зүйн үндсэн категориудын нэг мөн. ОНМХ-ийн нийтлэл, нэвтрүүлэг нь тогтвортой шинж тэмдэг бүхий тодорхой хэлбэрээр оршиж байдаг бөгөөд сэтгүүл зүйн хөгжлийг дагаад байнга хөгжиж, баяжиж байдаг онцлогтой юм. Тиймээс бодит байдлыг тусгах хэлбэрийн мөн чанар болон бүтэц зохиомжийн нь шинж тэмдэг дахин давтагддаг тийм тогтвортой байдлыг бичлэгийн төрөл буюу жанр гэж нэрлэнэ. Сэтгүүл зүй, бичлэгийн төрөл зүйл, нийтлэлийн арга хэлбэрийн аль аль нь тус тусын дотоод хуулиар хөгжиж ирсэн түүхтэй. Ингэхдээ энгийнээс хүнд руу, нэгжээс ерөнхий рүү чиглэгдсэн зүй тогтлын дагуу хөгжиж ирсэн бөгөөд бичлэгийн аль нэг төрлийн бүтцийн тусламжтайгаар илтгэн гаргасан зохиол бүтээлийн агуулга, мөн чанар нь зохиогчийн үзэл бодол, нийгмийн байр суурь, тухайн ХМХ-ийн чиглэлээс шалтгаалж иржээ. Бичлэгийн төрлүүдийг гүйцэтгэх үүрэг, зорилго, объектыг хамрах хүрээ зэрэг шинж чанарыг харгалзан мэдээллийн, задлан шинжилсэн (шинжлэлт), нийтлэл-уран сайхны, туслах бичлэгийн төрлүүд гэж ангилдаг. Мэдээллийн бичлэгийн төрлүүдэд мэдээ, тайлан, сурвалжлага, ярилцлага, мэдээлсэн тойм, задлан шинжилсэн төрлүүдэд өгүүлэл, шүүмж, хэвлэлийн тойм, шинжлэлт сурвалжилсан тэмдэглэл, шинжлэлт тайлан, тайлбар, тойм, нийтлэл-уран сайхны төрлүүдэд найруулал, зураглал, эссе, шог найруулал, улс төрийн шог, уран сайхны шүүмжлэл, тэмдэглэл, туслах бичлэгийн төрлүүдэд захидал, ном зүй, анкет, эмгэнэл, намтар цадиг, явган шог, элэглэл, зөвлөмж зэрэг нэмэлт мэдээлэл өгөх зорилго бүхий зүйл багтдаг. Бичлэгийн төрлүүд олон шинж тэмдгээр хоорондоо нийтлэг, бас ялгаатай байдаг.

Нийтлэг шинжүүд:

1. Бүх бичлэгийн төрөл эцсийн зорилгоор ижил төстэй байдаг. Өөрөөр хэлбэл, бүгд сэтгүүл зүйн өмнөө тавьсан зорилгоо биелүүлэх, ОНМХ-ийн үндсэн үүргүүдийг гүйцэтгэх эцсийн зорилго агуулдаг.

2. Бичлэгийн төрлүүд сэтгүүл зүйн үндсэн зарчмуудыг баримталдаг шинжээрээ нийтлэг юм.

3. Сэтгүүлчийн болон бусад бичигчийн уран чадварын шалгуур болдог онцлог нь бүх төрөл зүйлд адил байдаг.

4. Бүх бичлэгийн төрөл зүйл тухайн нийтлэл, нэвтрүүлгийн агуулга хэлбэрийн нэгдэл болдог шинжээрээ ижил төстэй юм.

Бичлэгийн төрлүүдийн ялгаатай талууд:

1. Тусгаж буй объектын шинж чанар

2. Сэдвийн хамрах цар хүрээ, хэмжээгээр

3. Зохиогчийн өмнөө тавьсан зорилгоор

4. Бичлэгийн арга барилаар

5. Бүтэц зохиомжоор

6. Хэл найруулга, бичлэгийн өнгө аясаар тус тус ялгардаг.

Бичлэгийн төрөл зүйл хэдийгээр ийм ялгарах онцлогтой боловч сэтгүүл зүйн практикт цэвэр жанр гэж бараг байдаггүй. Бичлэгийн зүйлүүд харилцан бие биенээсээ урган гарсан, уусан орсон холимог (гибрид) шинж чанартай бөгөөд ийм хандлага орчин үеийн сэтгүүл зүйн практикт улам хүчтэй ажиглагдаж байна. Аль нэг бичлэгийн төрөл, зүйлийг тодорхойлохдоо чухам ямар төрлийн шинж тэмдэг зонхилж байгааг харгалзан үздэг. Жанр гэж бичлэгийн төрлийг, төрлийн доторх зүйлийг, зүйлийн доторх зүйл – ангийг ч зааж нэрлэх тохиолдол түгээмэл юм. Үүнээс үзэхэд нэр томъёоны хувьд нэгэн мөр тогтоож чадаагүй нэлээд маргаантай, нарийн төвөгтэй ойлголт юм. Нөгөө талаар утга зохиол, урлаг, сэтгүүл зүйн аль ч салбарт өргөн утгаар хэрэглэдэг дэлхий нийтийн чанартай дундын нэр томъёо гэж ойлгож болно.

Агуулга ба хэлбэр

Агуулга ба хэлбэр (Содержание и форма. Contents and form). Сэтгүүл зүйн онол, практик, арга зүйд чухал үүрэг гүйцэтгэдэг үндсэн ойлголтын нэг бол нийтлэл, нэвтрүүлгийн агуулга, хэлбэрийн тухай асуудал юм. Агуулга, хэлбэр гэдэг нь тухайн зүйлийг зохион байгуулах арга болон тэр зүйлийг бүрдүүлж буй материалын харьцааг тодорхойлоход ашигладаг философийн уламжлалт категори мөн. Платон хэлбэрийг тухайн зүйлийн материаллаг ахуйгаас үл шалтгаалан оршиж буй “ирээдүйн дүр төрх” гэж үзэж байсан бол Аристотель агуулгыг тухайн зүйлийн орших, эс орших боломж, урьдчилсан нөхцөл, хэлбэрийг тухайн зүйлийн нэгдлийг хангахад чиглэгдсэн түүний дотоод зорилго гэж тодорхойлсон байдаг. Кант агуулга, хэлбэрийн асуудлыг сэтгэхүйн агуулга, хэлбэрийн асуудал гэж үзэж байв. Гегель хэлбэрийн хоёрдмол шинжийг онцлон тэмдэглэж, өөрөө тодорхой нэг зохион байгуулалтанд ороогүй, гадаад дүр төрхийг илэрхийлдэг учраас агуулгын хувьд ямар ч ач холбогдолгүй зүйл, харин дотоод зохион байгуулалтанд орсон зүйл бол агуулга мөн гэж тодорхойлжээ. Дээрх тодорхойлолт, үндэслэлүүдийг орчин үеийн сэтгүүл зүй судлаачид нийтлэл, нэвтрүүлэгт дүн шинжилгээ хийхэд арга зүйн үндэс болгодог нь түгээмэл ажиглагддаг. Сэтгүүл зүйн онолчид нийтлэлд дүн шинжилгээ хийхдээ хэрэглэж байгаа судалгаа, шинжилгээний гол арга нь нэгдүгээрт, хэлбэрийн логикийн үүднээс ханддаг, хоёрдугаарт, нийтлэлийн бүтээлд социологийн талаас дүгнэлт хийх явдал юм. Бас нэлээд дэлгэрч байгаа өөр нэг арга нь агуулга, хэлбэрийн нэгдлийн холбоо шүтэлцээг оновчтой зөв тогтоох гэсэн оролдлого юм. Нэлээд нарийн төвөгтэй, олон талын учир холбогдол бүхий нийтлэлийн агуулга хэлбэрийн тухай асуудал нь үндсэндээ дөрвөн гол талтай бөгөөд тал тус бүр нь харьцангуй биеэ даасан зүйл юм. Үүнд: • Нийтлэлийн агуулга, хэлбэр нь янз бүрийн төвшинд байна. • Агуулга, хэлбэр хоёр өөр өөрийн бүтэц элементтэй байна. • Агуулга, хэлбэр хоёр салшгүй нэгдмэл. • Агуулга, хэлбэрт нөлөөлөх бусад хүчин зүйл гэж бий. Нийтлэлийн агуулга, хэлбэрийг бүрдүүлэгч үндсэн материал нь хэл, түүний байгуулалт юм. Гэхдээ мэдээллийн хэрэгсэл бүр өөр өөрийн онцлогт тохирч нийцсэн агуулга, хэлбэрийг бүрдүүлэгч үндсэн болон туслах материалуудтай байдаг. Агуулга гэдэг бол тухайн юмыг бүрдүүлж байгаа элементүүдийн цогц, тэдгээрийн хэлхээ холбоо, ерөнхий байдал, хандлага мөн. Тиймээс Гегель “агуулга бол бие даасан олон оршин байхуйн хөгжингүй хэлбэр, гадаад чанар, эсрэг тэсрэг мөн, тэдгээрийн адилсаг холбогдол мөн” (18. 211) гэж тодорхойлсон байдаг. Нийтлэлийн агуулгын элементүүдэд: • Үйл явдал, баримт • Сэдэв • Зохиогчийн дэвшүүлж буй үзэл санаа, дүгнэлт, зөвлөмж зэргийг хамааруулж болох бөгөөд эдгээрийн дотоод хамаарал, өрнөх хандлага нь агуулгын бүтцийг бүрдүүлдэг. Хэлбэр бол агуулгын дотоод зохион байгуулалтын илрэл буюу Гегелийн хэлсэнчлэн “агуулга бол бүхэл мөн бөгөөд хэсгээс (хэлбэрээс) бүрддэг” (18. 211) юм. Хэлбэрийн бүтэц, элементүүдэд: • Бичлэгийн төрөл зүйл • Зохиомж • Зохиогчийн хэл найруулга, бичлэгийн өвөрмөц хандлагыг багтаан үзэж болно. Энэ нь тодорхой бүтээлд дүн шинжилгээ хийх, бүтээл туурвилаа мэдлэгтэйгээр тэрлүүлэн босгох үндсийг бүрдүүлж өгнө.

Ардын эрх сонин

“Ардын эрх”. МАХН-ын Төв Хороо, Засгийн газрын хэвлэл болох энэ сониныг Засгийн газрын шийдвэрийн дагуу 1924 оны 2 дугаар сарын 5-наас эхлэн гаргажээ. Манай сэтгүүл зүйн түүхэнд анх удаа хамгийн том буюу 40 х 50 см хэмжээгээр 4-8 нүүртэй, 1000-3000 хувиар долоо хоног тутам гарч байсан бөгөөд 1925 оны 4 дүгээр сарын 2 хүртэл жил гаруйн хугацаанд нийт 50 дугаар гаргасан байна. Ардын засгаас ард түмний эрхийг бүх талаар хамгаалах зорилго тавьж байсныг билэгдэн “А. э.” хэмээн нэрлэжээ. “А. э.” сонин ардын засаг төрийг бэхжүүлэх, улс орныхоо эдийн засаг, аж ахуй, соёл, гэгээрэл, эрүүлийг хамгаалах салбарыг хөгжүүлэх, намын байгуулагыг бэхжүүлэх талаар нам засгийн тавьж байсан бодлого, авч хэрэгжүүлсэн олон талт ажлын үр дүнгийг сурталчилж, олон түмэнд тайлбарлан таниулахад гол анхаарлаа хандуулж байв. Тус сонин анхны дугаартаа өөрийнхөө нийтлэлийн бодлогыг “Энэхүү сэтгүүлийг манай хоёр газраас эрхлэн гаргасан нь түмэн иргэний эрх чөлөөг хэрхэн бататгах, эрдэм соёлд хэрхэн боловсруулах, гадаад лугаа хэрхэн харилцах хийгээд цэргийн байдлыг хэрхэн сайжруулах, боловсруулах зэргийг ямагт шүүмжлэн тайлбарлах ба бас тус улсын дотор бүхий үнэн шударга бусыг арилгаж, шударга сайныг хөгжүүлэхийг хүсэх хийгээд нөгөөтэйгүүр Монгол Ардын Намын дотоодын сониныг нийтэлж, харъяат гишүүн ба ард түмэнд намын учир, дүрэм журмыг таниулж, гэгээрүүлэн боловсруулах, санал онолоо хурааж, харилцан шүүмжлүүлэн олны саналыг олж цаг тухайд нийлүүлэн явуулж, тусыг олохыг эрмэлзэх зорилготой” (58.243) гэж тодорхойлжээ. “А. э.” сонин МАН-ын бодлогыг сурталчилж, намын байгууллагыг бүх талаар бэхжүүлэх, намын нэр хүндийг дээшлүүлэх, Ардын хувьсгалын ололтыг хамгаалах, улс орныг ардчилсан зарчмид тулгуурлан удирдах, гадаадын эдийн засгийн эрхшээлээс гарах замаар хувьсгалт үйл явцыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн асуудлын хүрээнд мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх, хоршоо худалдааг өргөжүүлэх, байгалийн баялагийг оновчтой ашиглах асуудлыг өргөн хүрээнд тусгаж, тайлбарлан таниулахад гол анхаарлаа хандуулж байв. Мөн тус сонин нийгмийн хөгжлийн тухай К.Маркс, Ф.Энгельс, В.И.Ленин нарын үзэл онол, Октябрийн хувьсгалын ач холбогдол, Коммунист интернационал, Зөвлөлт засгийн гадаад дотоод бодлого, Монголын хувьсгалд үзүүлсэн тусламж, нөлөөг сурталчлахад ихээхэн анхаарч байжээ. “А. э.” сонины нийтлэл нь сэдэв, агуулга, бичлэгийн төрөл, зүйл, олон нийтийг хамрах хүрээ, нөлөөлөх чадварын хувьд урьд гарч байсан сонинуудаас үлэмж ахисан нийгэм-улс төрийн буурьтай хэвлэл байснаараа онцлогтой юм. Мөн анх удаа бичлэгийн олон төрөл, зүйлийг ашигласан, байнгын булан, ижил төстэй материиалуудыг нэгтгэсэн боолтыг ашиглан нийтлэлийг төрөлжүүлж өгөх, өөр шрифтээр ялгах, зурагтай гарчиг ашиглах зэрэг дизайны элемент, аргуудыг өргөн хэрэглэсэн, өөрөөр хэлбэл, сонины хийц хэлбэрийг сайжруулах талаар олон шинэ зүйлийг нэвтрүүлсэн сонин байв. Сонины эрхлэгчээр Ц.Дамбадорж, хянагчаар Г.Навааннамжил ажиллаж, С.Буяннэмэх, Д.Чимид, Ж.Цэвээн, Р.Элбэгдорж нараас гадна эмэгтэй Дашдэжид, Янжмаа нар байнгын идэвхтэн бичигчид байжээ. Тэд бичсэн зүйлдээ өөрсдийн нэрийг тавьдаггүй, янз бүрийн нууц нэр хэрэглэж байв. 1925 оны 3 дугаар сард хуралдсан Төв Хорооны III бүгд хурлын “Сонин хэвлэлийн ажлыг сайжруулах тухай” тогтоолын дагуу 4 дүгээр сарын 23-ны 50 дахь дугаараас хойш “А. э.” сонин гаралтаа зогсоож, МАХН-ын Төв Хороо, МХЗЭ-ийн Төв Хорооны хэвлэл “Үнэн” сонинд халаагаа өгсөн байна.

Монголын мэдээ

“Монголын мэдээ”. Монголын өдөр тутмын сонины нэг бөгөөд “Эрэл” ХХК-ийн захирал, “Эх Орон-МАШСН”-ын дарга Б.Эрдэнэбатын санаачлагаар 1998 оны 12 дугаар сарын 9-нд эх сууриа тавьж, анхны дугаар нь тухайн сарын 18-нд хэвлэгдэн гарчээ. Анх улс төрийн гуравдагч хүчний байр суурь, дуу хоолойг нэмэгдүүлэх, өдөр тутмын сонины зах зээлд өөрийн гэсэн шинэ орон зайг бий болгох зорилгоор үүссэн гэж үздэг. 7 хоногт 5 удаа, А2 форматаар 8 нүүрээр хэвлэгдэн гардаг. Сонины Эрэн сурвалжлах, Шуурхай мэдээллийн, Улс төр, гадаад мэдээллийн, Бизнес, эдийн засгийн, Урлаг, соёл, боловсрол, шинжлэх ухааны, Зар сурталчилгааны, Гэрэл зургийн алба, Компьютерийн төвд нийт 50 гаруй уран бүтээлч, техник ажилтан ажилладаг. Нийгэм-улс төрийн томоохон хэвлэлийн байр сууринаас аливаа асуудалд хандахдаа сэдвийн явцуу хүрээнээс гарч, нийгмийн бүхий л давхаргын эрх ашгийг адил төвшинд хөндөх, түүнд олон ургальч үзлийн үүднээс хандах, улс төрийн “сөрөг хүчний” дуу хоолой, үйл ажиллагааг нийгэмд мэдрүүлэх зорилгоор “Эх Орон” намын үйл ажиллагааг сурталчлах, олон түмний улс төрийн идэвхийг сэргээх, үзэл бодлын индэр болох, олон нийтийн дуу хоолойг төр засагт хүргэхийг чухалчилдаг. Үүнийг сонины нийтлэлийн гол бодлого гэж хэлж болно. Сонины нийтлэлийг шуурхай мэдээлэл, улс төр, бизнес эдийн засгийн, гадаад мэдээллийн зэргээр сэдвийн дагуу төрөлжүүлэн байрлуулдаг. “Дугаарын 60 мөр”, “Халуун мэдээ”, “Top news”, “Нам хөдөлгөөний амьдрал”, “Сенсаац”, “Хэн нь хэн бэ?”, “Чөлөөт индэр”, “Долоо хоногийн улс төр” зэрэг тогтмол булантай. Өдөр тутмын бусад сонинуудтай харьцуулахад мэдээллийн багтаамж тааруу, сэдвийн хүрээ явцуу, бичлэгийн төрөл, зүйл хомс, нэлээд улс төржсөн шинжтэй сонин. Нийгмийн хурц асуудлыг хөндсөн асуудал дэвшүүлсэн, шүүмжлэлт өгүүлэл, танин мэдэхүйн болон гэгээрүүлэх шинжтэй томоохон материал харьцангуй ховор нийтлэгддэг. Эрхлэгч нь Д.Сандагсүрэн.

Монголын сэтгүүл зүйн түүхэн тойм

“Монголын сэтгүүл зүйн түүхэн тойм” (УБ. I, II, III боть. 2000, 2001, 2003 он. 73 х.х.). Доктор (Sc.D), профессор Л.Норовсүрэнгийн 3 боть нэг сэдэвт зохиол нь Монголын сэтгүүл зүйн түүхийн асуудлыг орон зай, цаг хугацааны өргөн хүрээнд нэлээд дэлгэрэнгүй авч үзсэн сэтгүүл зүйн түүх судлалд доктор Г.Дэлэгийн 3 боть бүтээлийн дараа орох томоохон хэмжээний судалгааны ажил юм. Г.Дэлэг зөвхөн тогтмол хэвлэлийн түүхийг хөндөн бичиж байсан бол судлаач Л.Норовсүрэн Монголын сэтгүүл зүйн өмнөх үзэгдлүүдээс эхлээд өдгөө хүртэлх бүх ОНМХ-үүдийн үүсэл, хөгжил, төлөвшил, гол гол төлөөлөгчдийн намтар, уран бүтээл, ОНМХ-ийн систем бүрэлдэн тогтсон онцлог, сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллагууд, нийтлэлийн үүсэл, хөгжил, бичлэгийн төрөл зүйлийн асуудлыг тусгаснаараа урьд өмнө гарч байсан сэтгүүл зүйн судлаачдын бүтээлүүдээс зарчмын ялгаатай юм. Ялангуяа урьд хэн ч судалж байгаагүй сэтгүүл зүйн өмнөх үзэгдэл болох аман нийтлэл, эртний уран зохиол дахь нийтлэлийн шинж, үг зохиол, заргын бичиг, захидал зэргийг судалж, шинэлэг санал дэвшүүлсэн, үнэлэлт, дүгнэлт өгсөн нь дэмжүүштэй эхлэл мөн. Мөн номын 3 дугаар ботид Монголд ардчилсан хувьсгал ялж чөлөөт сэтгүүл зүйн зүйн эх суурь тавигдсанаас хойших үеийн сэтгүүл зүйн түүхэн хөгжлийн асуудлыг нэлээд ул суурьтай авч үзэж, ОНМХ-ийн системд гарсан өөрчлөлт, нийтлэл нэвтрүүлгийн сэдэв, агуулгад гарсан өөрчлөлт, бичлэгийн төрөл зүйлд гарсан өөрчлөлт, чөлөөт хэвлэл, түүний орчин, мэдээллийн шинэ хэрэгслүүд, сэтгүүл зүйн шинэ чиглэлүүдийн төлөвшлийн асуудлыг тусгасан нь сэтгүүл зүй судлал дахь шинэлэг зүйл бөгөөд сэтгүүл зүйн судалгааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Зохиогч рекламын сэтгүүл зүй, экологийн сэтгүүл зүй, эрэн сурвалжлах сэтгүүл зүй, олон улсын сэтгүүл зүй, иргэний сэтгүүл зүй, засгийн газрын сурвалжлага, олон нийтийн харилцаа буюу Public Relations (PR), цахим сэтгүүл зэрэг шинэ үзэгдлүүдийг түүх, онолын талаас нь судалж, олон шинэ баримт, мэдээллийг оруулж, тоймлон дүгнэсэн байна. Мөн үе үеийн шилдэг сэтгүүлчдийн намтар, уран бүтээлийг судалж, урьд өмнө судалгааны эргэлтэнд ороогүй байсан баримтуудыг ашиглаж, нэгтгэн дүгнэж өгсөн нь бичлэгийн төрөл зүйл, ур чадварын өсөлт, хөгжлийг харуулахад чухал нөлөөтэй юм. Судлаач Л.Норовсүрэнгийн 3 боть судалгааны бүтээл нь Монголын сэтгүүл зүйн хөгжлийн онцлогийг нийгэмд гарч байсан өөрчлөлт шинэчлэл, эргэлтийн шинжтэй томоохон үйл явдлуудтай холбон харуулж, төр засгаас сэтгүүл зүйн талаар авч байсан арга хэмжээ, тэдний үр дүн зэргийг дэлгэрэнгүй тусгасан Монголын сэтгүүл зүй судлалд жинтэй хувь нэмэр оруулсан бүтээл мөн. Энэ бүтээл түүхэн баримт, ОНМХ-ийн нийтлэл, нэвтрүүлэг, сэтгүүл зүйн судалгааны эх хэрэглэгдэхүүн, судлаачдын дүгнэлт, үзэл баримтлал, дэвшүүлсэн санал зөвлөмжийг өргөн ашигласан, баялаг баримт мэдээлэл агуулсан судалгааны шинэлэг ажил болсноороо онцлогтой юм. Энэхүү цуврал бүтээлийг доктор М.Зулькафиль, Ч.Чойсамба нар редакторлажээ.

Монголын тогтмол хэвлэлийн түүхэн тэмдэглэл

“Монголын тогтмол хэвлэлийн түүхэн тэмдэг-лэл” (УБ. 1967. 26 х.х.). Түүхийн шинжлэх ухааны доктор, нэрт сэтгүүл зүй судлаач Г.Дэлэгийн энэ бүтээл нь 1908 онд Хятадын Грин мужид монгол хэл дээр гарч байсан “Монгол үгийн бодрол” сониноос эхлээд 1924 онд гарч эхэлсэн “Ардын эрх” сонин хүртэлх гадаад, дотоодод гарч байсан тогтмол хэвлэлүүдийг судалж бичсэн Монголын сэтгүүл зүйн судлалын түүхэн дэх анхны нэг сэдэвт зохиол юм. Зохиогч номын нэгдүгээр бүлэгт Монгол хэл дээр гарч байсан анхны сонин, сэтгүүлүүдийн нийтлэл, ач холбогдол, онцлог шинжийг тодорхой жишээ баримтад тулгуурлан өгүүлж, хоёрдугаар бүлэгт “Шинэ толь хэмээх бичиг”, “Нийслэл Хүрээний сонин бичиг” зэрэг Монголын ууган тогтмол хэвлэлүүд буюу дэвшилт ардчилсан сонин, сэтгүүлийн талаар дэлгэрэнгүй тусгажээ. Номын гурав, дөрөвдүгээр бүлэг нь Ардын засаг тогтохоос өмнөх Монголын хувьсгалт хэвлэл, Ардын засгийн эхний жилүүдийн хэвлэл болох “Монголын үнэн”, “Уриа”, “Хураангуй сэтгүүл”, “Нийслэлийн шинэ сонин”, “Ардын эрх” зэрэг сонин хэвлэлд зориулагдсан байна. Энэ бүтээлийн ач холбогдол нь Ардын хувьсгалаас өмнө гадаадад монгол хэл дээр гарч байсан сонин хэвлэлийн талаар маш олон баримт, мэдээллийг цуглуулж, анх удаа судалгааны эргэлтэнд оруулахын зэрэгцээ Монголын тогтмол хэвлэлийн түүхийн судалгааны эхийг тавьсанд оршино. Энэ бүтээл өнөөдөр хүртэл ач холбогдлоо алдаагүй бөгөөд өдгөө нэн ховор номын нэг болжээ. Доктор Г.Д. 1925 он хүртэл судалсан тогтмол хэвлэлийн судалгааны ажлыг цаашид үргэлжлүүлж “Монголын хэвлэл” (УБ.1971,1972. 24,5 х.х., 30 х.х.) 2 боть номыг бичиж хэвлүүлсэн бөгөөд нэгдүгээр ботид 1925-1940 оны, хоёрдугаар ботид 1940-1970 он хүртэлх Монголын тогтмол хэвлэлийн түүхэн хөгжлийг тоймлон судалж тусгасан байна. Зохиогч гол төлөв хэвлэлийн ажлыг өргөтгөн сайжруулах талаар тухайн үед нам, засгаас авсан арга хэмжээ, намын бодлого шийдвэрийг сонин хэвлэл хэрхэн тусгаж байсан зэрэг асуудалд түлхүү анхаарчээ. Мөн Монголын хувьсгалт хэвлэлийн нийтлэлийн онцлогийг 1921-1940, 1940-1960, 1960-1971 гэсэн гурван үед хуваан судалж, нийтлэлийн сэдэв, агуулга, хэлбэр, бичлэгийн төрөл зүйл, гол төлөөлөгчдийн бүтээлийн онцлог зэргийг гаргахыг эрмэлзэж, онол, арга зүйн шинжтэй томоохон дүгнэлт хийсэн нь өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй сэтгүүл зүй судлаачдын анхаарлыг татсаар байна. Түүнчлэн сүүлд олдсон баримт мэдээлэлд тулгуурлан “Монгол хэл дээр гарсан анхны сонин” хэмээх бүлгийг нэмж оруулж, 1895-1897 онд П.А.Бадмаевын орос, монгол хэл дээр гаргаж байсан “Дорнод хязгаарын амьдрал” сонины тухай дэлгэрэнгүй өгүүлсэн нь Монголын тогтмол хэвлэлийн түүхийг шинэ мэдээллээр баяжуулж, хэвлэлийн түүхийн судалгаанд чухал хувь нэмэр болжээ. Доктор Г.Д-ийн энэхүү гурван боть нэг сэдэвт зохиолыг сэтгүүл зүй судлаачид Монголын сэтгүүл зүйн судлалд чухал хувь нэмэр оруулсан төдийгүй сэтгүүл зүй судлалын эх суурийг тавьж, онол, арга зүйн шинэ үзэл баримтлал, онолын дүгнэлтээр баяжуулсан томоохон бүтээлүүд гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

Найруулал

Найруулал (Очерк. Feature– story. Essay). Герман зэрэг барууны зарим оронд найрууллын шинжтэй материалуудыг “reportage” буюу сурвалжлага, АНУ зэрэг зарим оронд essay буюу эссе гэж нэрлэдэг. Харин Оросын сэтгүүл зүйд байдаг очерк (очерчивать – “зурах, тоймлон зурах” гэсэн үйл үгээс гаралтай) хэмээх төрөл зүйл нь манай найруулалтай яг адилхан зүйл юм. Энэ бол найруулал хэмээх бичлэгийн төрөл нь дэлхий дахины сэтгүүл зүйд нийтлэг бичлэгийн төрөл зүйл бус гэдгийг харуулах жишээ гэж хэлж болно. Тодорхой үйл явдал, хүмүүсийн тухай бодит баримтуудад үндэслэн нийтлэл, уран сайхны хосолмол аргаар дүрслэн харуулах зорилго бүхий нийтлэл –уран сайхны бичлэгийн төрлийн томоохон зүйлийг найруулал гэнэ. Баримтыг уран сайхны аргаар боловсруулдаг, ямагт биет баримттай, тодорхой нэр хаягтай байдаг нь түүний үргэлжилсэн үгийн зохиолын бага төрөл болох өгүүллэгээс ялгагдах гол онцлог юм. Харин үзэгдэл, үйл явдал, голлох хүмүүс, нөхцөл байдлыг уран сайхнаар яруу дүрслэн үзүүлдэг, мөн үйл явдлын эхлэл, зангилаа, туйл, тайлал, төгсгөл зэрэг өгүүллэгт байдаг зохиомжийн элементүүдийг агуулдаг талаараа адил төстэй байдаг. Бодит баримтыг агуулгын гол үндэс суурь болгож авдаг учраас найруулал ямагт нийтлэлийн шинжийг хадгалдаг бөгөөд энэ нь түүнийг сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл мөн гэдгийг нотолж байгаа хэрэг юм. Найруулалд уран сайхны болон нийтлэлийн элементүүдийг чөлөөтэй, уян хатнаар хосолсон байдаг. Зохиогч уран сайхнаар өгүүлж байснаа уншигчдад шууд хандан, өөрийнхөө санаа бодлыг хэлж, тэднийг хариу бодуулах, сэтгэгдлээ хуваалцах явдал түгээмэл байдаг нь нийтлэлийн шинж юм. Өгүүллэгт ерөнхийлөн нэгтгэн дүгнэсэн, хам дүрийг бүтээж түүндээ нийтлэг шинжийг илэрхийлдэг бол найруулалд жинхэнэ байгаа хүмүүсийг, тэдгээрийн шинж байдлын онцлогийг илрүүлэн дүрслэн бичдэг онцлогтой. Өөрөөр хэлбэл, “найрууллын уран зохиолоос ялгарах онцлог нь тодорхой хаягтай хүний тухай бичдэг учир дүрийн давтагдашгүй онцлог шинж нь хэв шинжит чанараасаа давамгайлж байдагт оршино” (56.111). Найруулал сэтгүүл зүйн нийтлэл – уран сайхны бичлэгийн төрөл болохын хувьд уран зохиолын бүтээлтэй харьцуулахад харьцангуй шуурхай төрөл зүйл юм. Сэтгүүл зүйн бусад бичлэгийн төрөл, зүйлүүдтэй харьцуулахад багагүй хүч хөдөлмөр, цаг хугацаа, ажиглалт, судалгаа шаардахын хамт танин мэдэхүйн янз бүрийн аргуудыг хэрэглэх замаар бүтдэг өвөрмөц төрөл мөн. Оросын сэтгүүл зүй судлаач М.С.Черепахов найрууллын дээрх шинжүүдийг үндэслэн “найруулал нь бодит байдлыг нэгтгэн дүгнэх, ухааруулан бодуулах зорилтыг биелүүлдэг бөгөөд баримтаас тэдгээрийн шинж чанарыг хоёр аргаар (1. Утга зохиолд байдаг чанар. 2. Нийтлэлд үйлчилдэг хүчин зүйл) товойлгон үзүүлдэг” (207.119) гэж дүгнэсэн байдаг. Найруулал зохиогчийн үйл явдлыг тусгах арга барил, зорилгоос шалтгаалан аян замын, асуудал дэвшүүлсэн, хөрөг, үйл явдлын (үз) гэсэн үндсэн дөрвөн хэлбэртэй байна. Манай орны тогтмол хэвлэлд гучаад оны үеэс найруулал гарч эхэлсэн бөгөөд энэ бичлэгийн төрлийн үүсэл, хөгжилд Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, М.Бизъяа, С.Дашдэндэв, С.Удвал, Л.Түдэв, А.Чойжилжав, М.Чойжил, С.Эрдэнэ зэрэг үе үеийн олон арван уран бүтээлч чухал хувь нэмэр оруулжээ.

Радио сэтгүүл зүйн баримтат - уран сайхны бичлэгийн төрлүүд

Радио сэтгүүл зүйн баримтат - уран сайхны бичлэгийн төрлүүд (Документально-художественные жанры радио журналистики. Documentary and artistic jenres of Radiojournalism). Радиосэтгүүл зүй, радиожүжгийн зааг дээр оршдог радионайруулал, радиошог найруулал, радиозохиомж зэрэг бичлэгийн төрөл зүйл нь энэ ангилалд багтдаг. Зарчмын хувьд тэдний аль нь ч мэдээлэл, сурвалжилсан тэмдэглэл, яриа, ярилцлага, сурвалжлагын шинжийг ямар нэг хэмжээгээр агуулдаг. Зохиомж нь нийтлэл (баримтат) болон утга зохиол – уран сайхны элементүүдийн нийлбэрийг нэгэн зэрэг агуулсан, радио сэтгүүл зүйн үндсэн төрөл зүйлүүдийн шинжийг тодорхой хэмжээнд хадгалсан байдаг онцлогтой. Бодитой оршиж буй баримт, хүмүүсийн шинж чанар, хөрөг зэргийг уран сайхны аргаар дүрслэн үзүүлж, нэгтгэн дүгнэх замаар нийтлэг шинжийг илэрхийлсэн байдаг. Энд зохиогчийн амьд яриа, дуу чимээ, хувь хүний ярианы онцлог, хөтлөх чадвар зэрэг нь төрөл зүйлийн баримтат шинж, итгүүлэн үнэмшүүлэх, нөлөөлөх чадварыг дээшлүүлдэг гол хүчин зүйл болдог. Мөн хөгжим төрөл зүйлийн салшгүй элемент нь болж, дэвсгэр, чимэглэгчийн үүргийг гүйцэтгэдэг. Радиогийн нэлээд үр нөлөөтэй, нарийн төвөгтэй бичлэгийн төрөл бол радионайруулал бөгөөд түүнийг заримдаа мэдээлэл-нийтлэлийн, эсвэл шинжлэлт бичлэгийн төрлийн ангилалд оруулдаг тал бий. Ийм ангиллын гол шалгуур, үндэслэл нь тусгаж буй объектын мөн чанарт нэвтэрсэн байдал, үнэлэлт дүгнэлт өгсөн төвшин болдог. Радионайруулал мэдээллийн бичлэгийн төрлүүдийн олон шинж тэмдгийг агуулдаг боловч ихэнх тохиолдолд уран сайхны, урлагийн бүтээл болдог онцлогтой юм. Радионайрууллын гол сэдэв, объект нь тухайн нийгмийн хүмүүсийн нийтлэг шинжийг өөртөө шингээсэн өвөрмөц онцлогтой хувь хүн бөгөөд зохиогч түүнийг олон талаас нь яруу тод харуулах замаар дүрийг бүтээсэн байдаг. Найрууллын зөвхөн зарим хэлбэрт гол объект нь үйл явдал, чухал асуудал байдаг боловч түүнийг хүмүүсээр (оролцогчдоор) дамжуулан тусгадаг. Найруулал нийгмийн чухал үзэгдлийг тусгах замаар томоохон дүгнэлт хийдэг. Радионайруулал радиогийн бүхий л боломж, онцлогийг өөртөө агуулснаараа бусад бичлэгийн төрлүүдээс эрс ялгаатай. Ярилцлага, сурвалжлага, яриа зэрэг бичлэгийн төрлүүдийн элементүүд түүний зохиомжийн салшгүй хэсэг болдог. Үйл явдалд оролцогчид, баатруудын амьд яриа, сэтгэгдэл, санаа бодол зэргийг түгээмэл ашигладаг нь түүний сонины найрууллаас ялгагдах нэг гол онцлог юм. Радионайруулал болон ер нь радиосэтгүүл зүйд баримтыг хэд хэдэн төвшинд ашигладаг. Нэг дэх төвшин бол түүнд ашиглаж байгаа баримт, үйл явдал, хүмүүс нь бодит зүйл, бодит дүр байдаг явдал мөн. Гэхдээ энэ бол тогтмол хэвлэл, телевизийн найрууллаас ялгагдах онцлог биш юм. Радионайрууллын баримтат чанарын хоёр дахь төвшин нь үйл явдалд оролцож буй хүмүүсийн бүх үйлдэл, дуу чимээ зэрэг баримтат зүйл болно. Энэ утгаар нь авч үзвэл радионайруулал бүхэлдээ баримтат бүтээл, тодорхой хэмжээгээр үйл явдлын шинжийг зайлшгүй агуулдаг. Радионайрууллын гурав дахь төвшин нь баатрын дуу хоолой, амьд яриа бөгөөд түүгээр дамжуулж сонсогч баатрыг үнэлж цэгнэн, дүгнэлт хийх боломжтой юм. Энэ бол баримтат чанарын дээд хэлбэр, радионайруулал бол баримтат-уран сайхны бүтээл мөн гэдгийг илэрхийлэх онцлог юм. Радионайруулал түүхийн үйл явцад үндсэн гурван хувилбараар төлөвшөн хөгжиж ирсэн. Радиосэтгүүл зүйн анхны жилүүдэд радио зохиолчид, нийтлэлчдийн радиод зориулж бичээгүй найруулал болон бусад бүтээлийг хүргэх хэрэгсэл болж байв. Радио энэ үүргийг өнөөдөр ч амжилттай биелүүлж байна. Радио найрууллын хоёр дахь хувилбар нь радиод тусгайлан зориулж бичдэг зохиогчид бий болсон үеэс эхлэн төлөвшсөн гэж үздэг. Гурав дахь хувилбар бол радиод зориулсан бүтээл, үйл явдалд оролцогч, гэрчүүдийн яриа, сэтгэгдлийг хосолж, радиосэтгүүл зүйн онцлог шинжийг дээд зэргээр ашиглах замаар бүтээсэн радионайруулал юм. Гол онцлог нь зохиогчийн яриа баатруудын яриа, сэтгэгдэлтэй хосолсон байдагт оршино. Радио найрууллын аль ч хувилбар нь төлөвшин тогтоход тогтмол хэвлэлийн найрууллын нөлөө хүчтэй байсан. Бас онолчид эх бичвэргүй радионайрууллын талаар цөөнгүй ярьж, маргасан байдаг. Гэвч практик сэтгүүлчид энэ санааг үгүйсгэхгүй боловч нэгэн дуугаар хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үздэг. Энэ нь сайн эх бичвэртэй байж сайн найруулал бүтдэг гэсэн дүгнэлттэй холбоотой юм. Радионайрууллын аян замын, хөрөг, асуудал дэвшүүлсэн гэсэн гурван үндсэн хэлбэр байдаг. Энэ бол хөдөлшгүй хатуу тогтоосон ангилал биш бөгөөд хэлбэр бүр өөр өөр бичлэгийн төрлийн, бусад хэлбэрийн шинж тэмдгийг агуулсан байдаг нь түгээмэл ажиглагддаг. Радионайруулалд зохиогч, баатрын яриа, сэтгэгдэл, дуу чимээ, хөгжим, баримтат бичлэг онцгой байр эзэлдэг. Энэхүү элементүүдийг (үүнийг радио сэтгүүлчид “негатив” гэж нэрлэдэг) зохиогчийн баатартай хийсэн яриа, зохиогчийн үйл явдлын халуун цэгээс хийсэн сурвалжлага маягийн дүрслэлүүд, найрууллыг чимэглэж, дэвсгэр болж өгч буй хөгжмийн гэж гурав ангилдаг.

Радио сэтгүүл зүйн мэдээллийн бичлэгийн төрлүүд

Радио сэтгүүл зүйн мэдээллийн бичлэгийн төрлүүд (Информационные жанры радиожурналистики. Information jеnrеs of Radiojournalism). Радио сэтгүүл зүйн хөгжлийн явцад зөвхөн радио нэвтрүүлгийн онцлогт тохирсон бичлэгийн төрөл зүйл, арга хэлбэр төлөвшин тогтжээ. Радио нэвтрүүлгийн агуулгыг харгалзан радио сэтгүүл зүй, уран сайхны нэвтрүүлэг гэж хоёр том хэсэгт хуваадаг. Радионэвтрүүлгийн энэ хоёр хэсгийн агуулга нь радиогийн уран бүтээлийн өвөрмөц хэлбэр болох бичлэгийн төрөл зүйлүүдээр дамжин сонсогчдод хүрдэг. Бичлэгийн төрлүүд радиогийн практик үйл ажиллагааны явцад үүсч, бүрэлдэн тогтсон байдаг. Бичлэгийн төрлүүдэд оршиж буй нийтлэг зүй тогтлууд сэтгүүлчдийн хэд хэдэн үеийн амьд практикийн явцад бүрэлдэн бий болжээ. Бичлэгийн төрлийн зорилго нь радионэвтрүүлгийн систем дэх түүний эзлэх байрыг тодорхойлж, онцлог шинжийг илэрхийлэхийн хамт гол шинж чанаруудыг бүрдүүлэн төлөвшихөд оршино. Радио сэтгүүл зүйд өгч буй үнэлэлт, дүгнэлтийн хэмжээ, хэл найруулгын яруу хэрэглэрүүд бичлэгийн төрлийг үүсгэх элементүүдийн тоонд багтдаг. Аливаа бичлэгийн төрөл зөвхөн нэг шинжээрээ бус, тухайн бичлэгийн төрлийн дотор харилцаа холбоо, харилцан нөлөөлөлд оршиж буй хэд хэдэн шинж тэмдгээр тодорхойлогдоно. Бичлэгийн төрлүүд янз бүрийн дотоод хэлбэрүүдтэй бөгөөд тэдний гол онцлог нь бичлэгийн төрөл зүйлийн үндсэн шинж тэмдгүүдийг хадгалдаг боловч элементүүдийн хоорондох харьцаа тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн байдаг. Радионэвтрүүлгийн төрөл зүйлийн талаарх мэдлэг бол сэтгүүлч өмнө тавьсан зорилтыг бүрэн шийдвэрлэх, нийтлэлийн үр нөлөөг дээшлүүлэх, агуулга хэлбэрийн нэгдлийг хангахад чухал үүрэгтэй юм. Радио сэтгүүл зүйн мэдээллийн бичлэгийн төрөлд радиомэдээ, радиосурвалжлага, радиосурвалжилсан тэмдэглэл, радиоярилцлага багтдаг. Радиомэдээ гэдэг бол сонсогчдын олонхийн болон тодорхой хэсэг, бүлгийн сонирхлыг татахуйц нийгмийн чухал ач холбогдол бүхий баримт, үйл явдал, үзэгдлийн талаар шинэлэг мэдээлэл агуулсан мэдээллийн бичлэгийн шуурхай зүйл мөн. Радиомэдээний гол тусгах объект нь ямагт бодит байдлын шинэлэг баримт, үйл явдал байдаг. Гол онцлог нь шуурхай, сонсогчдын бүх давхаргад хандсан, дээд зэргээр үнэн бодитой, мэдээний үндсэн асуултанд бүрэн хариулт өгсөн, лид нь маш тодорхой, товч, энгийн ойлгомжтой, гол зүйлийг оновчтой аргаар дахин давтсан (энэ нь тогтмол хэвлэлийн мэдээнээс ялгагдах гол онцлог болно), идэвхтэй үгээр богино өгүүлбэрээр бичигдсэн, логик холбоо сайтай, үйл явдлын баримтат шинжийг хадгалсан байх явдал юм. Болж байгаа (эсвэл болж өнгөрсөн) үйл явдлын шинж чанар, онцлог, утга учрыг дэлгэрэнгүй тайлбарлаж, түүнд үнэлэлт өгч, дүгнэлт хийсэн мэдээллийн бичлэгийн төрлийн бие даасан зүйлийг радиосурвалжилсан тэмдэглэл гэнэ. Сурвалжилсан тэмдэглэл хамрах хүрээ, хэмжээ, үнэлэлт дүгнэлтийн төвшний хувьд харьцангуй өргөн, дэлгэрэнгүй байдаг шинжээрээ радиомэдээнээс эрс ялгаатай юм. Мөн сурвалжилсан тэмдэглэлийг гол төлөв зохиогч өөрөө уншдаг нь түүний нөлөөлөх чанар, итгүүлэн үнэмшүүлэх чадварыг дээшлүүлдэг. Сурвалжилсан тэмдэглэл хэлбэрийн хувьд тайлбарласан мэдээтэй нэлээд төстэй юм. Тайлбарласан мэдээ бол үйл явдлын гол зүйлийг мэдээлэхийн хамт түүнд үнэлэлт өгсөн мэдээллийн багавтар материал бөгөөд баримтын талаарх мэдээллээс гадна зохиогчийн санаа бодлыг агуулсан байдаг. Сурвалжилсан тэмдэглэлийн энэ төрөл нь радиогийн мэдээллийн албаны хувьд чухал үүрэгтэй. Учир нь баримтын талаарх мэдээлэл дуусмагц түүний ач холбогдлыг тайлбарлаж, сонсогчид баримтын мөн чанарыг ойлгох, бусад үйл явдал, баримтын дотор эзлэх байр, ач холбогдлыг тодорхойлоход тусалдаг. Радио сэтгүүл зүйн гол бичлэгийн төрөл бол сурвалжлага юм. Болж байгаа үйл явдлыг тухайн цаг мөчид амьд яриа, дуу чимээ, хөгжмийн тусламжтайгаар хөгжил, хөдөлгөөн дундаа дүрслэн харуулах зорилго бүхий мэдээллийн бичлэгийн төрлийг радио сурвалжлага гэж нэрлэдэг. Амьд яриа, дуу чимээ бол сурвалжлагын итгүүлэн үнэмшүүлэх, сонсогчдын сэтгэл зүйд нөлөөлөх хамгийн гол элемент байдаг. Радио сэтгүүл зүйд шууд сурвалжлага онцгой байр эзэлдэг. Түүний нөлөөлөх, итгүүлэн үнэмшүүлэх, танин мэдүүлэх чадвар нь ямагт өндөр байдаг. Радиосурвалжлагын гол онцлог нь тухайн цаг мөчийн мэдрэмж, зохиогчийн үйл явдлын гэрч, ажиглагч, оролцогч нь байх, “би” баатрын идэвхтэй үүрэг, үйл явдлыг хөгжил хөдөлгөөн дунд үзүүлэх явдал юм. Радиосурвалжлага сэдвийн зорилго, шалтгаан, үйл явдлын ач холбогдлыг тайлбарласан болон үйл явдал болж байгаа газрын “дүр зургийг” үзүүлсэн оршил хэсэг, зохиогчийн тайлбар, оролцогчдын яриа, сэтгэгдлийг тусгасан үндсэн хэсэг, зохиогч болж өнгөрсөн үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгч, өгүүлсэн зүйлийг нэгтгэн дүгнэсэн төгсгөл хэсгээс бүрддэг. Сурвалжлага үйл явдлын, үйл явдлын бус байж болно. Үйл явдлын сурвалжлагын зохиомж болж байгаа үйл явдлаас шалтгаалах бол үйл явдлын бус сурвалжлагын зохиомж нь сэтгүүлчийн ур чадвараас шалтгаалдаг. Радиосурвалжлага бол болж байгаа үйл явдлыг шууд тусгал төдий зүйл бус, тодорхой хэмжээгээр нийтлэлийн шинжтэй учраас үйл явдлыг дүрслэн харуулахын хамт зохиогчийн үнэлэлт, дүгнэлтийг зайлшгүй агуулдаг онцлогтой. Радиосэтгүүл зүйн хамгийн түгээмэл, чухал төрөл зүйлийн нэг бол радиоярилцлага юм. Сонсогчдод ямар нэгэн баримт, үйл явдал, үзэгдлийн талаар мэдээлэл өгөх зорилгоор сэтгүүлч ярилцагч хоёрын хоорондох яриаг радиоярилцлага гэж нэрлэнэ. Энд сэтгүүлч мэдээлэл олж авагч, ярилцагч нь мэдээллийн эх сурвалж, мэдээлэл зөөгчийн үүргийг гүйцэтгэдэг. Ярилцагчийн дуу хоолой, ярианы өнгө төрх, тухайн цаг мөчийн мэдрэмж зэргийг тэр чигээр нь тусгадгаараа сонины ярилцлагаас эрс ялгаатай бөгөөд энэ нь түүний итгүүлэн үнэмшүүлэх, хүртээмжтэй, багтаамжтай байх чанарт нөлөөлдөг. Тогтмол хэвлэлд байдаг янз бүрийн нэмэлт тайлбар, уянгын халил радиоярилцлагад маш хязгаарлагдмал байдаг. Мөн ярилцлага сурвалжлага, сурвалжилсан тэмдэглэл, найруулал зэрэг бусад бичлэгийн зохиомжийн чухал элементийн үүргийг гүйцэтгэдэг тохиолдол бий. Энэ тохиолдолд бие даасан бичлэгийн төрлийн үүргийг гүйцэтгэдэггүй, зөвхөн нэмэлт мэдээлэл өгөх, итгүүлэн үнэмшүүлэх чадварыг дээшлүүлэхэд нөлөөлдөг. Үүнийг ярилцлага – ишлэл гэж нэрлэдэг. Бие даасан ярилцлага өөрийн гэсэн зохиомж, утга санаа бүхий агуулга хэлбэрийн нэгдэл байдаг. Радиоярилцлага эхлэл, үндсэн хэсэг, төгсгөл гэсэн үндсэн гурван хэсгээс бүрддэг. Эхлэл буюу хөтөч нь ярилцлага хийх болсон шалтгаан, зорилго, хариулт авах асуултуудын ерөнхий хүрээг тодорхойлж, ярилцагчийн талаар товч мэдээлэл өгдөг бол үндсэн хэсэг нь ярилцлагын гол мэдээллийг багтаасан агуулгыг бүрдүүлдэг. Төгсгөл хэсэг нь гол төлөв ярилцлагын явцад хийгдсэн дүгнэлтүүдийг дахин давтдаг, эсвэл ярилцагч бие дааж товч дүгнэлт хийдэг.

Радио сэтгүүл зүйн шинжлэлт бичлэгийн төрөл, зүйл

Радио сэтгүүл зүйн шинжлэлт бичлэгийн төрөл, зүйл (Аналистические жанры радиожурналистики. Analitical jenres of Radiojournalism). Радио сэтгүүл зүйд тогтмол хэвлэлийн нэгэн адил сонгож авсан сэдвийг задлан шинжилж, мөн чанар, шалтгаан, үр дагаварыг дэлгэн үзүүлэх зорилго бүхий хэсэг төрөл, зүйл байдаг бөгөөд үүнийг радио сэтгүүл зүйн шинжлэлт бичлэгийн төрөл, зүйлүүд гэж нэрлэдэг. Энэ хэсгийн бичлэгийн төрлүүд мэдээлэх үүргийг задлан шинжлэх зорилготой хосолж, баримтад дүн шинжилгээ хийж, тайлбарлан, үнэлэлт дүгнэлт өгч, сонсогчдын санаа бодол, мэдрэмжид шууд хандсан байдгаараа онцлогтой. Радио сэтгүүл зүйн шинжлэлт бичлэгийн төрөл, зүйлүүдийн дотор радиотайлбар, радиояриа чухал байр эзэлдэг. Үйл явдал, үзэгдэл, баримтын тухай мэргэшсэн хүн, сэтгүүлч эсвэл мэргэжилтнүүдийн санал бодлыг радиотайлбар гэж нэрлэнэ. Тайлбарын ярилцлагаас ялгагдах гол онцлог нь сэтгүүлч, эсвэл мэргэжилтэн тухайн үйл явдлын хамгийн чухал гэж үзсэн зүйлийн талаар санал бодлоо илэрхийлж, сонсогчдод зайлшгүй шаардлагатай гэсэн зүйлийн талаар мэдээлэл өгөхөд оршино. Нэвтрүүлэгт эзлэх байрын хувьд тайлбарыг бие даасан тайлбар, тодорхой нэг нэвтрүүлгийн зохиомжийн элементийн үүргийг гүйцэтгэдэг товч тайлбар гэж ангилдаг. Товч тайлбар нэлээд шуурхай байдаг бөгөөд үйл явдлын шалтгаан, үр дагавар, бусад үйл явдал, баримттай уялдаа холбоог тайлбарладаг онцлогтой юм. Тайлбарыг тусгаж буй сэдвийн шинж чанараас шалтгаалан шуурхай тайлбар, асуудал хөндсөн тайлбар гэж ангилдаг. Шуурхай тайлбар цаг үеийн чухал үйл явдалд үнэлэлт өгч, дүгнэлт хийдэг бол асуудал хөндсөн тайлбар тодорхой нэг асуудлыг харьцангуй өргөн хүрээнд авч үзээд баримтад гүнзгий дүн шинжилгээ хийж, түүний учир шалтгаан, үр дагаварыг гаргаж өгдөг. Асуудал хөндсөн тайлбар мэдээллийн багтаамж, үндэслэл, нөлөөлөх, итгүүлэн үнэмшүүлэх чадвар сайтай, хэмжээний хувьд том байдгаараа онцлогтой. Тайлбарын бүтэц зохиомж нь гол төлөв сэдвийн учир шалтгаан, баримтад хийсэн дүн шинжилгээ, дүгнэлт гэсэн хэсэг, элементүүдээс бүрддэг. Тайлбар хэл найруулгын хувьд энгийн ярианы өнгө аясыг хадгалсан хүлээж авахад амар хялбар, хүртээмжтэй байдаг онцлогтой юм. Радиогийн шинжлэлт бичлэгийн төрлүүдийн дотор нэлээд өргөн дэлгэрсэн төрөл зүйл бол радиояриа юм. Радиоярианы тайлбараас ялгагдах гол онцлог нь амьд яриа байдаг бөгөөд оролцогчидтой хийсэн сэтгүүлчийн яриагаар дамжуулж сонсогчдод мэдээлэл өгөхөд оршино. Радиоярианы онцлог шинж нь ярилцагчид нэг газарт бус орон зайгаар хязгаарлагдсан өөр өөр газарт байдаг, микрофоны дэргэд байрладаг зохиогч-сэтгүүлч харилцан яриа өрнүүлэх замаар сонсогчдод хандаж, энэхүү хоёр талын харилцааны идэвхтэй оролцогч нь болдог явдал юм. Зохиогчийн эх бичвэрт баригдахгүй чөлөөтэй, ургуулан бодсон яриа, сонсогчдод шууд хандсан байдал нь түүний оролцоо, идэвхтэй байр суурийг илэрхийлж, сонсогчдод хүчтэй нөлөөлж, ярианд татан оролцуулах боломжийг бүрдүүлдэг. Энэ шинжээрээ радио сурвалжлагатай нэлээд төстэй байдаг. Үүнд амьд яриа, ярианы сэтгэл хөдөлгөм өнгө аяс чухал үүрэг гүйцэтгэдэг. Радиояриа гол төлөв цаг үеийн чухал асуудлыг хөндсөн, зохиомж агуулгын хувьд сонирхолтой, өвөрмөц эхлэлтэй байдаг. Радиояриа зөвхөн үйл явдал, эсвэл үзэгдлийн тухай мэдээлэл, үнэлэлт биш, зарим тохиолдолд цаг үеийн чухал асуудал, үйл явдалтай холбоотой шуурхай бэлтгэгддэг өвөрмөц төрөл зүйл юм. Сонсогчдын сонирхлыг татахад зохиогчийн ур чадвар, мэдлэг, бие хүн болох онцлог нь гол хүчин зүйл болдог. Радиоярианы өөр нэг онцлог шинж нь бусад томоохон нэвтрүүлгийн элемент, зохиомжийн хэсэг болдоггүй явдал юм. Радиоярианы нэг хэлбэр бол “дугуй ширээний ярилцлага” бөгөөд асуудлыг олон талаас нь тунгаан хэлэлцэж, сонсогчдод дэлгэрэнгүй мэдээлэл өгч, үнэлэлт дүгнэлт хийдэг давуу талтай юм. Энэ бол бүрэн хэмжээний эх бичвэргүй амьд яриа мөн. “Дугуй ширээний ярилцлагын” нэг төрөл бол радио сонсогчдын захидалд хариулахад зориулсан яриа юм. Өөрөөр хэлбэл, хэд хэдэн хүн студид цугларч сонсогчдын асуултанд ээлжлэн хариулж, тайлбар өгч, ерөнхий дүгнэлт хийдэг гэсэн үг.

Сонины бичлэгийн төрөл, зүйл (ном)

“Сонины бичлэгийн төрөл, зүйл” (УБ. 1994. 9.7 х.х.). Доктор Л.Норовсүрэнгийн бичсэн эл бүтээл нь сонины бичлэгийн төрөл, зүйлийн талаар бичигдсэн анхны сурах бичиг бөгөөд урьд хэвлэгдэн гарч байсан товхимол, гарын авлагуудаас бичлэгийн төрөл, зүйлийг онолын үүднээс судалж, практик жишээ баримтын үндсэн дээр тайлбарлаж, арга зүйн шинжтэй зөвлөмжүүдийг агуулснаараа онцлогтой юм. Уг бүтээлд бичлэгийн төрөл зүйлийн тухай ойлголт, бичлэгийн төрлүүдийн нийтлэг болон ялгаатай талууд, ангилал, бичлэгийн хамгийн шуурхай зүйл болох мэдээнээс эхлээд уран нийтлэл хүртэлх мэдээлсэн, шинжлэлт, нийтлэл-уран сайхны 17 бичлэгийн төрөл, зүйлийг авч үзжээ. Сэтгүүл зүйн онолын үндсэн категорийн нэг болох бичлэгийн төрөл зүйл буюу жанрын тухай онол, практик, арга зүйн тодорхой мэдлэг эзэмших нь сонин хэвлэлийн ажилтнууд, идэвхтэн бичигчдэд зарчмын чухал ач холбогдолтой юм. Учир нь бичлэгийн төрөл, зүйл аливаа нийтлэлийн агуулга хэлбэрийн нэгдлийг хангаж, сэтгүүлчийн ур чадварын шалгуур болохын хамт нийтлэл, нэвтрүүлгийн үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд нөлөөлдөг гол хүчин зүйл болдог. Тиймээс бичлэгийн төрөл зүйлийн талаар тодорхой мэдлэг, чадвартай болох нь хэвлэл мэдээллийн ажилтнуудын өмнө тулгарч буй чухал зорилтын нэг бөгөөд энэ асуудлыг зохих хэмжээгээр шийдвэрлэхэд энэ бүтээлийн зорилго оршино. Зохиогч энэхүү сурах бичгийг бэлтгэхдээ Орос болон бусад орны сонины бичлэгийн төрөл, зүйлийн онол, манай сонин хэвлэлд бичлэгийн төрөл зүйлийг хөгжүүлж ирсэн туршлагын аль алиныг анхаарч үзсэний дээр жишээ баримтыг авахдаа монголын ахмад болон авьяаслаг залуу сэтгүүлчдийн бичсэн зүйлд аль болохоор тулгуурлахыг хичээсэн байна. Судлаач урьд өмнө судалгааны эргэлтэнд ороогүй олон баримт мэдээллийг ашиглаж, зарим бичлэгийн төрөл, зүйлд нэн шинэлэг байдлаар хандаж, урьдын дүгнэлт, үзэл баримтлалыг шинэ санаагаар баяжуулсан байна. Номыг доктор Т.Баасансүрэн, Ц.Мөнхжаргал нар редакторлажээ. 1990-ээд оны дунд үеэс манай сэтгүүл зүй судлаачид бичлэгийн төрөл, зүйлийн асуудалд ихээхэн анхаардаг болж, сүүлийн жилүүдэд хэд хэдэн бүтээл хэвлэгдэн гарлаа. Тэдний дотор Л.Норовсүрэнгийн “Монголын тогтмол хэвлэлийн бичлэгийн төрөл, зүйл” (УБ. 1996. 9,8 х.х.) нэг сэдэвт зохиол, Ч.Чойсамбын “Сонины мэдээллийн бичлэгийн төрөл, зүйл” (УБ. 2001, 9 х.х.) сурах бичиг, “Монгол сонины мэдээ” (УБ. 2000, 10 х.х.) нэг сэдэвт зохиол, М.Зулькафиль, Л.Норовсүрэн нарын “Ярилцлага” (УБ. 2003. 8 х.х.) гарын авлага чухал байр эзэлдэг.

Сономбалжирын Буяннэмэх

Сономбалжирын Буяннэмэх нь хувьсгалт хэвлэл, утга зохиол, урлагийн нэрт зүтгэлтэн. 1902 онд Говь түшээ гүний хошуу буюу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төржээ.

Сэтгүүл зүйн тэнхим

Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим. Монгол Улсын их сургууль

(Department of journalism and mass communications of National University of Mongolia /english/

Кафедра журналистики и массовых коммуникации Монгольского Государственного университета /русский/)''

XX зууны жараад он бол Монгол улс эрчимтэй хөгжлийн замдаа шуудран орсон он жилүүд байв. Энэ үед нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын салбар жилээс жилд өргөжин тэлж, шийдвэрлэх асуудлын цар хүрээ урьд байгаагүй ихээр өссөн юм.

Нийгмийн хөгжлийн хурдтай өсөлт нь түүнийг тольдон харуулж, тохиолдсон саад бэрхшээлийг даван туулах арга замыг санал болгодог хэвлэл мэдээллийн хэрэгслийн үр нөлөөг сайжруулах, тэр тусмаа үндэсний дээд мэргэжилтэй сэтгүүлчдийг бэлтгэн гаргах шаардлага хурцаар тавигдсан байна. Энэ шаардлагын дагуу Монгол Улсын Их Сургуульд сэтгүүлчийн мэргэжлээр элсэлт авах болсон нь эх орондоо дээд боловсролтой сэтгүүлч боловсон хүчин бэлтгэх ажлын эхлэлийг тавьсан хэрэг байлаа.

Анх 1960-1961 оны хичээлийн жилд МУИС-ийн Хэл бичгийн ôакультетийн Т.Пагва эрхлэгчтэй Хэл шинжлэлийн тэнхимийн харьяанд сэтгүүлчийн анги нээсэн байна. Улмаар 1961-1962 оны хичээлийн жилд Нийгмийн ухаан факультетийн дэргэд Сэтгүүл зүйн тэнхим байгуулж, анхны эрхлэгчээр нь тэр үед ЗХУ-ын Ленинградын Их Сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж ирээд «Үнэн» сонинд ажиллаж байсан Лувсандашийн Содов (хожим Монголын нэртэй зохиолч болсон)-ыг томилжээ.

Сэтгүүл зүйн нарийн мэргэжлийг оюутнуудад гүнзгий эзэмшүүлэх, Зөвлөлтийн их, дээд сургуулиудад сэтгүүлч боловсон хүчин бэлтгэдэг аргаас суралцах зорилгоор ЗХУ-ын Киевийн Их Сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, дэд эрдэмтэн, доцент И.Л.Демъянчукийг мэргэжилтэн багшаар урьж ирүүлсэн нь шинэ тутам байгуулагдсан тэнхимийн сургалтын стандартыг тогтоох, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр зэрэг үндсэн баримт бичгүүдийг шинжлэх ухааны үндэстэй боловсруулах, багш нарын мэргэжлийн мэдлэг, заах аргыг сайжруулах, сургалтын агуулгыг баяжуулахад чухал түлхэц болсон байна. ЗХУ туршлагатай мэргэжилтэн багшаа ирүүлж,тухайн үеийн удирдлагууд ЗХУ-д бэлтгэгдсэн чадварлаг сэтгүүлчдийг Их сургуульд багшлуулахаар илгээсэн нь Сэтгүүл зүйн тэнхимийг бэхжүүлж, сургалтын чанарыг сайжруулахад үнэтэй туслалцаа болсон ажээ. 1964 онд МУИС-ийн сэтгүүлчийн ангийн анхны төгсөлт болж, 30 оюутан МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн анхны мэргэжилтнүүд болж түүхэнд орсон байна. Тэдний дараа 1965,1966, 1967 онуудад гурван удаа төгсөлт хийжээ.

Монгол Улсын Их Сургуульд сэтгүүлч бэлтгэх болж, мэргэжлийн тэнхим байгуулсан нь хожим манай орны бусад дээд сургуульд сэтгүүлч бэлтгэх, сургалт-заах аргын нэгдсэн журам боловсруулах чухал суурь болсон юм. МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн сургалтын туршлага, материаллаг бааз, нөөц бололцоонд шууд тулгуурлан 1967 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын Дээд Сургуульд сэтгүүлчийн анги нээсэн байна. Энэ нь үнэн чанартаа МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийг намын сургуульд шилжүүлсэн хэрэг байв. Ингэх хоёр шалтгаан байсан ажээ. Тэр нь нэгд: МАХН үзэл суртлын ажилд онцгой анхаарал тавьж, уг ажлыг өөрийн итгэлтэй гишүүдийн гарт атгуулах шаардлага өсөн нэмэгдсэн, хоёрт: арван жилийн сургуулиас Их сургуульд шууд элсэж суралцсан хүүхдүүдийг нам, төрийн төв хэвлэл, үзэл суртлын бусад байгууллагад шууд ажиллуулахад ажлын туршлага, буурь суурь ямар нэг хэмжээгээр дутагддаг байсан явдал мөн.

Намын Дээд Сургуулийн Сэтгүүл зүйн тэнхим арван жил сургалт явуулахдаа 1971,1972,1973,1974, 1975, 1976 онуудад нийт зургаан удаа төгсөлт хийж бүгд 100 гаруй сэтгүүлч бэлтгэсэн байна. Уг сургуульд урьд нь нам, улсын байгууллагад алба хашиж байсан, бичиж туурвих авьяастай, намын гишүүн хүмүүсийг элсүүлэн сургадаг байсан учир төгсөгчид нь нам, засгийн төв хэвлэл «Үнэн» сонины төв, хөдөөгийн сурвалжлагч, аймгийн намын хороодод үзэл суртлын хэлтсийн эрхлэгч, ажилтан зэрэг хариуцлагатай албанд шууд томилогдон ажилладаг байжээ.

Манай оронд сэтгүүлч боловсон хүчин бэлтгэх үйлсэд Улаанбаатар хотын Намын хорооны дэргэдэх Марксизм-Ленинизмийн Их Сургууль багагүй хувь нэмэр оруулсан байна. Тус сургууль хожим нь Улс Төрийн Дээд Сургууль нэртэйгээр ерээд оны дунд үеийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд гурван жилийн сургалттай сэтгүүлчийн оройн ангид нийт долоон удаа элсэлт авч, зургаан удаагийн төгсөлт хийжээ. Энэ бүхэн нь сэтгүүлч мэргэжилтнийг бэлтгэх оновчтой хувилбарыг олж тогтоох нэг ёсны туршилт байсан бөгөөд эцэст нь МУИС-д сэтгүүлч бэлтгэх замыг эргэлт буцалтгүй сонгосон байна.

1978 онд МУИС-д сэтгүүлчийн ангийг дахин нээж, улмаар 1979 онд Нийгмийн Ухааны Факультетийн дэргэд Сэтгүүл зүйн тэнхим байгуулахад урьд нь «Үнэн» сонины нэгдүгээр орлогч эрхлэгч бөгөөд «Тоншуул» сэтгүүлийн Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан доктор Г.Дэлэг эрхлэгчээр томилогдож, ЗХУ-д сэтгүүлчийн мэргэжил эзэмшээд хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан Ц.Цогтсайхан, Л.Бадамханд нар орон тооны багшаар, жараад онд сэтгүүлчийн анги нээхэд багшилж байсан С.Чулуунцэрэн, ахмад сэтгүүлч С.Жамбалдорж нар цагийн багшаар ажиллаж эхэлсэн байна. Тэдний дараа ЗХУ-ын Эрхүүгийн Их Сургууль төгссөн М.Зулькафиль 1981 оноос, МУИС төгссөн Л.Норовсүрэн 1982 оноос тус тус багшилж эхэлжээ.

МУИС-ийн Сэтгүүл зүйн ангийн хоёр дахь удаагийн элсэлтийн анхдугаар төгсөлт 1982 онд болж 26 сэтгүүлчийг төгсгөн төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн газруудад хуваарилсан байна.

МУИС-ийг төгссөн сэтгүүлчид өнгөрсөн хагас зуун жилийн туршид манай орны хэвлэл мэдээллийн газруудад үр бүтээлтэй ажиллаж, сэтгүүл зүйн үр нөлөөг сайжруулах, нийтлэл нэвтрүүлгийн ур чадварыг ахиулах гол хүч болж ирсэн байна.

Наяад онд сэтгүүл зүйн тэнхим дөрвөн багш, нэг туслах ажилтантай байсан бөгөөд сургалтыг амьдралтай ойртуулах зорилгоор гэрэл зургийн болон бичгийн машины лаборатор, сэтгүүл зүйн кабинет байгуулах зэргээр материаллаг баазаа бэхжүүлэхэд ихээхэн анхаардаг байв. Оюутнуудад нийгэм-улс төр, эрдэм шинжилгээ, мэргэжлийн ажлын дадлага олгох зорилгоор салбарын нийт ангийн дунд соёлч нөхөрлөлийн хөдөлгөөн өрнүүлж, оюутнуудыг спорт, урлаг, эрдэм шинжилгээний төрөл бүрийн дугуйлан, секцэд хамруулан, төгсөх болон анги дэвших оюутнуудаар курс, дипломын ажил хийлгэх, эрдэм шинжилгээний илтгэл бичүүлэх зэрэг ажлыг амжилттай зохион байгуулж хэвшүүлæ байжээ.

Тус тэнхимийн гадаад харилцаа наяад оноос эхэлсэн байна. 1980 онд Тэнхимийн эрхлэгч Г.Дэлэгийн санаачилга, зүтгэлээр М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургууль, Болгарын Софийн Их Сургуулиудын Сэтгүүл зүйн Факультет, ажил төрлийн холбоо тогтоож, тэдгээрийн сургалтын агуулга, арга туршлагаас суралцах, багш нараа илгээж мэргэжил дээшлүүлэх зэргээр хамтран ажиллаж эхэлсэн байна. 1982 онд тэдгээр сургуулиас сэтгүүл зүйн мэргэжлийн 200 гаруй ном, сурах бичиг, гарын авлагыг тусламжаар ирүүлсэн нь шинэ тутам байгуулагдаад байсан тэнхимийн сургалт эрдэм шинжилгээний ажилд үндсэн хэрэглэгдэхүүн болж байв.

1983 оны байдлаар сэтгүүлчийн мэргэжлийн бүрэн курсийг төгсөгчид нь дөрвөн жил суралцах хугацаандаа 27 шалгалт, 31 шүүлэг өгч, нийт 37 төрлийн хичээлийг 4200 цаг судалж байсны дотор «Оросын сэтгүүл зүйн түүх», «Зөвлөлтийн нам, төрийн хэвлэлийн түүх», «Коммунист ажилчны намуудын хэвлэлийн түүх», «БНМАУ-ын хэвлэлийн түүх» зэргээс гадна «Монголын хэвлэлийн онол, дадлага», «Сонины техник, чимэглэл», «Гэрэл зураг», «Сонгон мэргэжих» зэрэг мэргэжлийн 11 төрлийн хичээлийг 1300 орчим цаг судлуулж байв.

Наяад онд МАХН-ын Төв Хорооноос өгсөн удирдамжийн дагуу МУИС-ийн мэргэжлийн үндсэн хичээлүүдийг орос хэлээр заах хөдөлгөөний гадна тус тэнхимийнхэн үлдэж хоцроогүй юм. Уг арга хэмжээ нь иргэдийн төрөлх хэлээрээ сурч боловсрох эрхийг боогдуулсан нэг янзын туйлшрал байсан хэдий ч тухайн үедээ багш оюутнуудын орос хэлний мэдлэгийг ахиулахад зохих ахиц гаргасныг үгүйсгэх аргагүй.

1990-ээд оныг хүртэл сэтгүүл зүйн сургалтын агуулга, бүтцийг ЗХУ-ын сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулиудын туршлагыг шууд хуулбарлаж, үндэсний онцлогийг нэмж тусгах замаар боловсруулдаг байв.

1990 оны Ардчилсан хувьсгал Монголын сэтгүүл зүй дэх асар том өөрчлөлт шинэчлэлийн эхлэлийг тавьж, ОНМХ-ийн систем, нийтлэл нэвтрүүлгийн агуулга бичлэгийн төрөл зүйл, ур чадвар, хэвлэл мэдээллийн менежментэд урьд өмнө үзэгдэж байгаагүй цоо шинэ зүйлийг авч ирсэн билээ. Аливаа орны сэтгүүл зүйн үнэт капитал болсон боловсон хүчингүйгээр ОНМХ-ийн ямар ч үйл ажиллагааг төсөөлөх боломжгүй учир юуны өмнө сэтгүүлч боловсон хүчнийг бэлтгэх, давтан бэлтгэх, мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, бусад улс орны сэтгүүлчдийн ажлын туршлага, арга барилаас суралцах шаардлага хурцаар тавигдàæ байв. Энэ асуудлыг нааштай шийдвэрлэхийн тулд олон талт ажил зохион байгуулагдсаны дотор сэтгүүлч бэлтгэж буй их, дээд сургуулиудын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг цаг үеийн шаардлагад нийцүүлэх, дахин шинэчлэн боловсруулах, чанарын шинэ шатанд гаргах талаар идэвхтэй алхам хийсэн явдал чухал үүрэг гүйцэтгэсэн.

Тус тэнхим 1990 он хүртэл үндсэндээ ЗХУ-ын сэтгүүлч бэлтгэдэг их сургуулиудын сургалтын хөтөлбөрөөр сургалтаа явуулж ирсэн. Улс орон зах зээлийн эдийн засагт шилжиж, хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд үүсч эхэлсэн тэр цагаас сургалтын хөтөлбөр, мэргэжлийн болон хичээлийн тодорхойлолтыг ардчилсан нийгмийн боловсролын тогтолцоонд нийцүүлэн боловсруулж, мөрдөж эхэлсэн билээ. Үүний үр дүнд ОНМХ-ийн боловсон хүчнийг 1994 оноос сэтгүүл зүйн бакалавр, сэтгүүл зүйн магистр, сэтгүүл зүйн докторын (Ph.D) төвшинд шаталсан сургалтаар бэлтгэх эх суурь тавигдсан билээ. 1995 онд Боловсролын сайдын тушаалаар тус тэнхимийн дэргэд Сэтгүүл зүйгээр докторын зэрэг хамгаалах мэргэжсэн зөвлөл байгуулагдсан нь сэтгүүлчдийг докторын төвшинд бэлтгэх, сэтгүүл зүй судлаачдын эгнээг өргөжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн.

Тус тэнхимийн 6 багш 1999 онд Соросын сангийн тус дэмжлэгээр АНУ-ын Миссуригийн их сургуулийн Сэтгүүл зүйн сургуульд нэг сарын хугацаатай туршлага судлах, санал солилцох сургалт, семинарт оролцсоны үндсэн дээр “Сэтгүүлч” мэргэжлийн стандартыг боловсруулж, 2003 оны 12 дугаар сард Стандарт хэмжил зүйн үндэсний зөвлөлийн хурлаар батлуулж, 2004 оноос сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулиудад мөрдөж эхэлсэн нь манай орны, түүний дотор МУИС-ийн сэтгүүл зүйн сургалтыг чанарын шинэ шатанд гаргахад үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэсэн юм.

Ийм стандарт дэлхийн аль ч орны боловсролын салбарт байдаг бөгөөд гол зорилго нь тухайн мэргэжилтнийг бэлтгэхэд бакалаврын төвшинд зайлшгүй эзэмших ёстой мэдлэг, чадварын хэм хэмжээг тогтоож өгөхөд оршино. Өөрөөр хэлбэл, сэтгүүл зүйн чиглэлээр олгох бакалаврын боловсролын агуулга, түүний үнэлгээ, сургалтын хугацаа, сургалтын орчинд тавих үндсэн (наад захын) шаардлагыг баталгаажуулж, дээд боловсролын сургалтын байгуулагын үйл ажиллагааны бие даасан байдлыг хангаж, сургалт олон хувилбартай байх нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын “Боловсролын тухай хууль”, “Дээд боловсролын тухай” хуулийн хүрээнд дээд боловсролын сэтгүүл зүйн бакалаврын зэргийн боловсролын агуулга, сургалтын орчны нийтлэг шаардлагуудыг тогтоох болно. Дээд боловсролын стандарт гэдэг нь “Боловсролын тухай” хуульд зааснаар “дээд боловсролын агуулга, түүний үнэлгээ, багшийн мэргэжлийн төвшин, сургалтын байгууллагад тавигдах үндсэн шаардлагыг тодорхойлох баримт бичиг” юм. Энэхүү стандартын ач холбогдол нь:

• Сэтгүүл зүйн бакалаврын боловсролын агуулгыг бүрдүүлдэг тухайн мэргэжлийн тодорхойлолт, сургалтын төлөвлөгөө, хичээлүүдийн хөтөлбөр, дадлагын хөтөлбөр- удирдамжийг тодорхойлж, эдгээр баримт бичгүүдийг чиглэсэн зорилготой, шинжлэх ухааны үндэстэй боловсруулах боломжийг олгох,

• Тухайн мэргэжлийн зориулалт, төгсөгчдийн эзэмшсэн байвал зохих мэдлэг, чадвар, хандлагыг тодорхойлох,

• Дээд боловсролын сургалтын зохион байгуулалт, агуулга, багтаамж, судлах хичээлийн цэс, тэдгээрийн багтаамж, дараалал, тодорхойлолт, дадлагын төрлийг оновчтой тусгах,

• Хичээл тус бүрээр эзэмшвэл зохих, онол, практикийн мэдлэг, чадвар, дадал, хандлагын агуулга, үнэлгээ, хичээлийн багтаамж, ашиглавал зохих ном, сурах бичгийн жагсаалтыг тодорхойлох,

• Сургалтын үйл явцын тасралтгүй байх, хичээлүүдийн залгамж чанарыг хадгалах, сургалтын чанар, үр өгөөжийг болон мэргэжилтний хөрвөх чадварыг дээшлүүлэх,

• Сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулиудын сургалт, судалгааны ажлын уялдаа холбоог сайжруулж, төгсөгчдөд тавигдах мэдлэг боловсрол, дадал чадварын нийтлэг шаардлагуудыг жигдрүүлэх, нийгмийн өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг хангахуйц боловсон хүчин бэлтгэх боломжийг бүрдүүлэхэд оршино.

Сэтгүүл зүйн сургалтын стандартыг боловсруулахдаа БСШУЯ-наас боловсруулсан Үлгэрчилсэн журам, тавигдах ерөнхий шаардлагуудыг иш үндэс болгохын хамт дэлхийн өндөр хөгжилтэй зарим орны (АНУ, ОХУ, Герман г.м.) дээд боловсролын стандарттай танилцаж, тэдний баримталдаг ерөнхиий зарчим, үзэл баримтлал, шаардлагуудыг харгалзан үзсэн болно.

Энэхүү стандартын шаардлагын төвшинд сургалтын төлөвлөгөөнд орсон бүх хичээлүүдийн тодорхойлолт, хөтөлбөр, сэтгүүлч мэргэжлийн тодорхойлолтыг боловсруулж Боловсролын төв байгуулллага болон тухайн сургуулийн Эрдмийн зөвлөлөөр батлуулж мөрдөх болсон. Мөн дээр дурдсан төслийн үр дүнд сургалтын төлөвлөгөөнд орсон шинэ судлагдахуун болох “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй”, “Иргэний сэтгүүл зүй”, “Экологийн сэтгүүл зүй”, “Олон нийтийн мэдээллийн харилцаа” зэрэг хичээлүүдийн сурах бичиг, гарын авлагыг бэлтгэж хэвлүүлсэн юм.

Өнөөдөр тус тэнхимийн багш нар сургалтын төлөвлөгөөнд орсон мэргэжлийн бүх хичээлүүдийн 90 хувийн сурах бичгийг бэлтгэн хэвлүүсэн бөгөөд тэдний ихэнх манай сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулиуд сургалтанд өргөн ашиглаж байна.

Орчин үед сэтүүлч бэлтгэж буй бараг бүх их, дээд сургууль манай тэнхмийн багш нарын бэлтгэсэн сурах бичиг, гарын авлагаас гадна боловсруулсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, хичээлийн тодорхойлолт зэрэг сургалтын гол баримт бичгүүдийг өргөн ашиглаж байгаа нь тус тэнхмийн багш нарын мэдлэг чадвар, дадлага туршлага ямар төвшинд байгаа үзүүлэлт мөн.

Сэтгүүл зүйн тэнхим байгуулагдсан цагаас эхлэн судалгаа, эрдэм шинжилгээний ажилд онцгой анхаарч, Монголын сэтгүүл зүйн түүх, онол, практик, арга зүйн янз бүрийн асуудлыг хөндсөн олон арâан бүтээл бичиж,нийтийн хүртээл болгосон юм. Ялангуяа 1994 оноос сэтгүүлч бэлтгэх шаталсан сургалтын тогтолцоонд шилжин сэтгүүл зүйн бакалавр (ВА), сэтгүүл зүйн магистр (МА), сэтгүүл зүйн доктор (Ph.D)-ын зэрэгтэй ОНМХ-ийн ажилтнуудыг бэлтгэж эхэлсэн нь сэтгүүл зүйн судалгааны цаашдын хөгжилд чухал нөлөө үзүүлсэн. Дэлхий дахины дээд боловсролын системд өргөн хэрэглэж буй кредит цагийн системд шилжиж, 124 кредит цагийн мэдлэг эзэмшсэн бол бакалавр, 124+32=156 кредит цагийн мэдлэг эзэмшиж, магистрын дипломын ажил бичиж хамгаалсан бол сэтгүүл зүйн магистр (МА), 156+50=206 кредит цагийн мэдлэг эзэмшиж, докторын диссертаци бичиж хамгаалсан бол сэтгүүл зүйн доктор (Ph.D)-ын боловсролын зэрэг эзэмших болсон юм. Сургалт, эрдэм шинжилгээний ажлын уялдаа холбоог улам бэхжүүлэх, шаталсан суралтыг практикт жинхэнэ утгаараа хэрэгжүүлэх зорилгоор БСШЯ-ны сайдын тушаалаар 1995 онд МУИС-ийн дэргэд Сэтгүүл зүйгээр докторын зэрэг хамгаалуулах эрдмийн зөвлөлийг байгуулж, энэ зөвлөл 2007 оны 9 дүгээр сарын нэгэн хүртэлх хугацаанд 8 хүний эрдмийн ажлыг хамгаалуулж, сэтгүүл зүйн судлалыг хөгжүүлэх талаар багагүй ажил хийж гүйцэтгэсэн. Эрдмийн зэрэг хамгаалуулах журам өөрчлөгдсөн учраас тус зөвлөл 2007 оны 9 дүгээр сарын 1-нд татан буугдаж, өөрийнхөө үйл ажиллагааны чиг үүргийг МУИС-ийн дэргэд байгуулагдсан Утга зохиол, сэтгүүл зүйн докторын хооронд шилжүүлсэн юм. Энэ зөвлөл сэтгүүл зүйн судлал шүүмжлэлийг хөгжүүлэх, сэтгүүл зүй судлаачдыг тодорхой чиглэсэн зорилготой бэлтгэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн.Цаг хугацааны явцад Зөвлөл улам өргөн хүрээг хамаарах болж одоо Хэл шинжлэл, утга зохиол, сэтгүүл зүйгээр докторын зэрэг хамгаалуулах зөвлөл гэсэн нэрээр үйл ажиллагаа явуулж байна.

Тус тэнхимийн багш нар 1990 оноос сэтгүүл зүйн тодорхой чиглэл, асуудлаар нарийн мэргэшиж эхэлсэн. Тухайлбал, шинжлэх ухааны доктор, профессор Л.Норовсүрэн Монголын сэтгүүл зүйн түүхээр, шинжлэх ухааны доктор, профессор М. Зулькафиль орчин үейин сэтгүүл зүйн онолын асуудлаар, доктор, дэд профессор Б.Болд-Эрдэнэ олон нийтийн мэдээллийн харилцаа, ОНМХ-ийн реклам, цахим сэтгүүл зүйгээр, доктор, дэд профессор Ч.Чойсамба экологийн сэтгүүл зүй, сэтгүүлчийн ёс зүйгээр, доктор Г.Өнөрбаяр олон нийтийн харилцаа буюу PR-аар, Б.Наранбаатар реклам, гадаадын сэтгүүл зүй, олон улсын сэтгүүл зүйгээр, Г.Мэндхүү телевиз, радиогийн сэтгүүл зүйгээр, Т.Өнөрсайхан олон улсын сэтгүүл зүй, телевизийн сэтгүүл зүйгээр мэргэшиж, энэ асуудлын хүрээнд хэд хэдэн нэг сэдэвт зохиол, гарын авлага, сурах бичиг, олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлсэн юм.

Тус тэнхимийн багш нарын судалгааны өөр нэг гол чиглэл бол судалгааны төсөл хэрэгжүүлэх явдал юм. 1990 оноос хойш тэнхимийн багш нар олон улсын болон дотоодын янз бүрийн байгууллагуудын тус дэмжлэгээр “Сэтгүүл зүйн сургалтын өнөөгийн байдал”, “Сэтгүүл зүйн сургалтын агуулгыг сайжруулах нь” (МННХ), “Сэтгүүлчийн ёс зүйн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”, “Орон нутгийн сонины тойм судалгаа” (”Чөлөөт хэвлэл” сан), “Чөлөөт хэвлэлийн төлөвшил, олон нийтийн санаа бодол” (Азийн судалгааны төв), “Экологийн боловсролыг дээшлүүлэхэд ОНМХ-ийн үүрэг” (ГТХАН-ийн БОМС хөтөлбөр) зэрэг 20 орчим төсөл хэрэгжүүлж, түүний үр дүнд “Сэтгүүл÷” мэргэжлийн стандартыг боловсруулж, 2004 онд СХЗҮ-ийн төвөөр батлуулсан. Мөн “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй”, “Экологийн сэтгүүл зүй”, “Иргэний сэтгүүл зүй” , “Ярилцлага бичих арга зүй”, “Орон нутгийн сонины тойм”, “Телевизийн сэтгүүл зүй”, “Чөлөөт хэвлэл: өчигдөр, өнөөдөр, маргааш”, “Сэтгүүлчийн ёс зүй”, “Чөлөөт хэвлэлийн төлөвшил, олон нийтийн санал бодол”, “Экологийн сэтгүүл зүйн унших бичиг” зэрэг сурах бичиг, гарын авлага, төслийн тайлан, нэг сэдэвт зохиол бичиж, хэд хэдэн зөвлөмж боловсруулж, хэвлэл мэдээллийн болон судалгааны байгууллагуудад хүлээлгэж өгсөн болно.

Тус тэнхим 2000 оноос эхлэн эрдэм шинжилгээний “Сэтгүүл зүй” сэтгүүлийг жилд 1-2 удаа тогтмол эрхлэн гаргаж байгаа бөгөөд тус сэтгүүлд манай багш нарын бүтээлээс гадна гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын бүтээл нийтлэгддэг. Бидний хамтран ажилладаг гадаадын их, дээд сургуулиудын эрдэмтэн судлаачдын 20-иод өгүүлэл нийтлэгдсэн нь үүний тод жишээ юм. Энэ сэтгүүл манай сэтгүүл зүй судлаачдын бүтээлүүдийг цаг тухайд нь олны хүртээл болгох, эрдэм шинжилгэнний бүтээлүүдийг бусад сургуулиудтай харилцан солилцож нийтлэх, эрдэмтэн судаачид санал бодлоо солилцох индэр болох, сэтгүүлч уран бүтээлчдийн шинэ бүтээлүүдийн талаар шүүмж нийтлүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна. Мөн тус тэнхимийн багш нар судалгааны эрдэм шинжилгээний өгүүллүүдээ гадаад дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд хэвлүүлсэний дотор АНУ, ОХУ, БНХАУ, Япон, Казахстан зэрэг орнуудын нэр хүндтэй сэтгүүлүүд байна.

Сүүлийн жилүүдэд сэтгүүл зүйн тэнхим гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд ихээхэн анхаарч, ОХУ-ын Улс түмний найрамдлын их сургууль, Эрхүү хотын улсын их сургууль, Байкалийн эдийн засаг, эрх зүйн их сургууль, АНУ-ын Миссуригийн их сургууль, ӨМИС-ийн МСС-тай сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллаж байна. Судалгааны ажлуудыг хамтран гүйцэтгэх, төсөл хэрэгжүүлэх, олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах, эрдэм шинжилээний бүтээл болон багш солилцох зэрэг олон талт ажлуудыг үр өгөөжтэй хэрэгжүүлж байна. Тухайлбал, ӨМИС-ийн Сонин мэдээллийн ухааны тэнхимтэй хамтран “Хэвлэл мэдээллийн нэр томъёоны толь”-ийг 4 хэл дээр 5 бичгээр бэлтгэх ажлыг эхэлж, “Эртний Монгол сонинууд” судалгааны бүтээлийг бэлтгэж байна. Мөн проф. Л.Норовсүрэнгийн “Монголын сэтгүүл зүйн түүхэн тойм” 3 боть бүтээл нь, проф. М.Зулькафилийн “Сэтгүүлчийн ур чадвар” сурах бичгийн нэгдүгээр дэвтэр нь монгол бичгээр хэвлэгдэн гарч, ӨМӨЗО-ны сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулиудад өргөн ашиглаж байгаа нь бидний хамтын ажиллагааны тод жишээ юм.

Бусад хэлээр

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.